Монгол Улсад 2026 онд болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтыг Гадаад харилцааны яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагууд хамтран 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулаа.
Тус зөвлөлдөх уулзалтад Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, НҮБ болон бусад олон улсын хөгжлийн агентлаг, байгууллага, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл болох 80 орчим албаны төлөөлөгчид оролцлоо.
Үндсэн илтгэл, мэдээллээр Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах хүрээнд баримталж буй бодлого, зорилт, олон улсын хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллах хүрээ, "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн хүрээнд авч хэрэгжүүлж буй бэлтгэл ажил, анхаарах асуудлуудын талаар танилцуулав.
Хэлэлцүүлгийн явцад Монгол Улсаас дэвшүүлж буй “Бэлчээрийн шүхэр санаачилга”, эвсэл байгуулах зэрэг бодлогын залгамж байдлыг хангах, Монгол орны цөлжилт, газрын доройтлын чиглэлээрх олон улсын сайн туршлагыг танилцуулах, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хүрээг тодорхойлох зэрэг асуудлыг онцлов.
Гадаад харилцааны яамны дэргэдэх COP17 Бэлтгэл ажлын алба НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газартай COP17 бага хурлыг зохион байгуулах хүрээнд хамтран ажиллах төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд COP17 бага хурлын бэлтгэл, зохион байгуулалтыг үр дүнтэй хангах, тогтвортой бодлогын санаачилгуудыг хэрэгжүүлэх, Монголын тэргүүлэх сайн туршлагыг таниулах зорилгоор хамтран ажиллаж, мэдлэг, туршлага солилцож, бүх талын оролцоог дэмжин ажиллахаар тогтлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна