УИХ ЕЭЗХ-той байгуулах Чөлөөт худалдааны хэлэлцээрээс тамхийг хасах уу

Х.Батсайхан
4 цаг 52 минутын өмнө

-Чөлөөт худалдааны хэлэлцээр ашигтай ч архидалт, тамхидалтыг ихэсгэх нөлөө үзүүлж мэднэ-

Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах зөвшөөрлийг УИХ Засгийн газарт олгох гэж байгаа билээ. Энэхүү хэлэлцээр нь 2024 онд байгуулагдах ёстой байсан ч үндэсний үйлдвэрлэгчид эсэргүүцсэнээр түр хойшилж 23 нэрийн бараа бүтээгдэхүүнийг хасуулах саналыг манай тал гаргаж, Евразийн эдийн засгийн холбоо наймыг нь зөвшөөрч, 11 дээр тохиргоо хийхээр болж, дөрвөн бүтээгдэхүүнийг хасахаас татгалзсан юм. Энэ бол ахиц мөн ч тухайн үед үндэсний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлаа бодсон болохоос иргэдийнхээ эрүүл мэндийг огт хайхралгүй орхижээ.

Ингэж хайнга хандсанаараа иргэдийн эрүүл мэндэд хөнөөлтэй, тэр утгаараа онцгой албан татвар тавихыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас байнга зөвлөдөг чихэрлэг ундаа, тамхи, архи гэх мэт бүтээгдэхүүн хэлэлцээрийн дараа татваргүй орж ирэн хямд зарагдах нөхцөл үүслээ. Одоо эх оронч худалдан авалтаас гадна хэрэглэгчийн боловсрол үлэмж чухал болж байна.

Дээрх гурваас хамгийн хар мөртэй архи, тамхины асуудал нь байнгын хорооны хуралдаан дээр ч хөндөгдсөн юм. Монгол Улс төрийн бодлогын хэмжээнд хуулиар хорьж тэмцэж байгаа гэдэг утгаараа энэ хоёр бүтээгдэхүүн илүү анхаарал татаж байгаа бөгөөд өөрийгөө төдийгүй бусдыг хордуулдаг гэдгээрээ тамхийг энэ удаад онцолъё.

“ХЭРЭГЖДЭГГҮЙ” ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ ТАМХИДАЛТ ИХСЭХ СУУРЬ БОЛНО

Монгол Улс 2013 оноос хойш Тамхины хяналтын тухай хууль хэрэгжүүлж байгаа билээ. Тамхи нь утаагаар дамжуулан бусдыг хордуулдгаараа архинаас ч илүү хортой эд. Тэр утгаар нь улс орнууд хатуу тэмцэж, худалдааг нь хязгаарлаж буй. Гэхдээ аливаа зүйлийг хориход учир бий. Хуулийг хэрэгжүүлэхэд ч учир бий. 

Хууль гарснаас хойш 12 жилийн дараа харахад тамхины бизнес урьдынх шигээ л цэцэглэсэн хэвээрээ байна. “Тамхийг хяная” гэж санаачилсан эзэн нь хүртэл “Хүний амьдралд зайлшгүй байх ёстой юм” хэмээн хүлээн зөвшөөрөөд хуулиа зөрчсөн шиг хээвнэг хөлчүүрч суугаа бичлэг олон нийтэд цацагдсан ч удаатай.

Хууль батлагдсанаас хойш иргэдийн түгээмэл татдаг тамхины хайрцаг тутмын үнэ нэр төрөл тус бүр дээрээ 1000-2000 төгрөгөөр нэмэгдсэн. Бараг ганц энэ эффект нь л тамхинд донтолтыг удаашруулах хөшүүрэг болж байсан гэж хэлэхэд бараг ононо. Гэтэл одоо гаалийн татваргүй орж ирдэг болох нь. Ингэснээр үнэ хямдарч иргэд тамхийг илүүтэй татах боломжийг бүрдүүлж өгөх нь.

ИРГЭДЭЭ ХАМГААЛАХ ЭЦСИЙН НАЙДВАР НЬ УИХ БОЛЛОО

Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсууд тамхины хор хөнөөлийг багасгах тусгай механизм ажиллуулдаг. Онцгой албан татварыг ижил хэмжээгээр авахыг харилцан зөвшөөрч, 3-4 жил тутамд шинэчилж тогтоодог. Өнгөрсөн оны тавдугаар сард ЕЭЗХ гишүүн улсуудад тамхины онцгой албан татварыг 1000 хайрцаг тутамд 45 евро байхаар тогтоож, 2029 он хүртэл мөрдөхөөр болсон байх жишээтэй. Өмнө нь 35 еврогоор тогтоосон байснаа тамхины хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор нэмсэн гээд цагаан дээр хараар бичсэн байна. Тэгэхээр, гишүүн улсууд ингээд харилцан буулт хийж онцгой албан татвараа хадгалж үлдээд өөрсдийгөө хамгаалдаг юм байж. Тэгвэл гишүүн биш, зүгээр л “Түр хэлэлцээр” байгуулах гэж байгаа Монгол Улс яах ёстой вэ.

Ямар нэгэн байдлаар онцгой албан татвар юм уу гаалийн татвар тавих эрхээ олж авах ёстой. УИХ энэ асуудлыг хэлэлцээд Засгийн газарт үүрэг өгвөл шуурхай хэлэлцээд шийдэх боломж байна.   

О.Номинчимэг:  Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

/УИХ-ын гишүүн/

Тамхины гаалийн татварыг 30 хувиар бууруулахаар хэлэлцээрийн төсөлд оруулж ирсэн. Тамхинаас шалтгаалсан хавдрын өвчлөл нийт нас барж байгаа хүмүүсийн 17 хувийг эзэлж байна. Жилд 4300 хүн нас барж байна. Тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал 801 тэрбум буюу ДНБ-ий 2.1 хувьтай тэнцэж байгаа. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс орнуудаас манай импортын тамхины 35 хувь нь орж ирдэг. Гэтэл импортын тамхинаас хамааралтай энэ зах зээлийг хамгаалахгүй тамхины гаалийн 30 хувийн татвараа тэглэх гээд байгаа юм бэ. Онцгой албан татвараа нэмчихнэ гээд байгаа. Гэтэл онцгой албан татварыг улс улсаар нь ялгамжтай тогтоож болохгүй. Тиймээс татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй. 

/2025.IV.22, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан/

 Л.Гантөмөр: УИХ-аас тамхийг хасах зөвлөмж гаргавал бид дахиад санал тавина

Бид тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн. Энэ жил Евразийн эдийн засгийн холбоог Казахстан улс тэргүүлж байгаа. Тус улсын Монголтой хийж байгаа худалдаанд тамхи өндөр хувь эзэлдэг юм байна. Аль ч улс өөрсдийнхөө зарж чадах барааг хамгаална. Тиймээс тамхийг хасах бидний саналыг хүлээж аваагүй. УИХ-аас тамхийг хасах зөвлөмж гаргавал бид дахиад л саналаа тавина.

/2025.IV.22, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан/

Тамхитай тэмцэж байсан түүх

-Европ тивд тамхидалттай тэмцэж байсан анхны тохиолдол XV зууны сүүлчээр тэмдэглэгджээ. Х.Колумбийн хөлгийн багийн гишүүн, усан цэрэг Родриго де Херез гэгчийг “Зөвхөн чөтгөр л хамраасаа утаа гаргаж чадна” гэсэн үндэслэлээр шоронд хорьсон байна.     

-1575 онд Испанийн котолик шашны сүмүүд тамхи татахыг хориглох шийдвэр гаргаж байжээ.

-XVII зууны эхээр баруун Европод тамхидалтын талаар асар хүчтэй суртал ухуулга явагдаж, улс болоод үйлдвэрлэгчдэд маш их ашиг өгдөг болсон байна. Энэ үед ганцхан Хаант Орос улс л тамхийг хориглох шийдвэр гаргаж байжээ. Гэвч 80 гаруй жилийн дараа буюу 1685 онд Агуу Петр хаан Англо Виржинийн тамхины компаниас их хэмжээний мөнгөн шагнал авсныхаа дараа энэхүү шийдвэрийг цуцалсан байна. 

-1624 онд хамба лам Наймдугаар Урбан бүх католик шашинтнуудад тамхи татахыг хориглох шийдвэр гаргасан. Үүнээс хоёр жилийн дараа Грекийн үнэн алдартны шашны тэргүүн мөн энэ арга хэмжээг авчээ.

-1761 онд англи эмч Жон Хилл тамхины нөлөөг судалж үзээд эрүүл мэндэд хортой болохыг нь анх удаа тогтоосон байна.

-1828 онд Германы химич Людвиг Реманн, Вильгельм Поссельт нар тамхинаас никотиныг ялгаж авчээ.

-1830 оноос АНУ-д тамхины эсрэг олныг хамарсан тэмцэл эхэлжээ.

-1860-аад оноос эхлэн тамхийг олон нийтэд зориулан их хэмжээгээр үйлдвэрлэх болжээ. Үүнээс өмнө анагаах ухаанд уушигны хорт хавдар гэж ойлголт байгаагүй бөгөөд одоо бол бүх хорт хавдрын 60 хувь нь уушигных болоод байгаа ажээ.

-1934 онд Нацист Германд тамхины эсрэг тэмцэл хөдөлгөөн өрнөж эхэлжээ.

-2005 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхитай тэмцэх олон улсын конвенцийг баталжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна