Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.24) нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад гишүүдийн 59.5 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар 95.3-т “Нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдийн санал энэ хуулийн 95.2-т заасан тоонд хүрмэгц Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр холбогдох Байнгын хороонд ажлын 5 өдрийн дотор хуваарилж, нэгдсэн хуралдаанд танилцуулна” хэмээн заасан байдаг. Энэ дагуу 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Батбилэгийн нийтийн өргөдлийг цахим системд нийтэлсэн “Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухай” өргөдлийг Монгол Улсын 18 насанд хүрсэн 100148 иргэн дэмжсэн болохыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулаад Нийгмийн бодлогын байнгын хороонд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэхийг даалган хуваариллаа.
Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулав.
Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байж, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах зорилгоор Улсын Их Хурал 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталсан. Гаалийн албан татвараас чөлөөлөх, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурил, улаанбуудайн жагсаалтыг Засгийн газрын 180 дугаар тогтоолоор мөн баталсан. Энэ хүрээнд улаанбуудайн дээд болон I зэргийн гурил, есөн нэр төрлийн мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлсөн. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд гурилын импортын гаалийн албан татварыг чөлөөлсөнтэй холбоотойгоор хилийн боомтуудаар орж ирж байгаа гурилын хэмжээ эрс нэмэгдэж, жилийн эцсийн байдлаар нийт 64.2 мянган тоннд хүрчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор 35.9 мянган тонн, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор 14.1 мянган тонн, Увс аймгийн Боршоо боомтоор 10.3 мянган тонн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт, Завхан аймгийн Арц, суварга боомтоор 3.9 мянган тонн улаанбуудайн гурилыг ОХУ-аас импортолсон байна. Мөн 2025 он гарсаар эхний 4 дүгээр сарын байдлаар нийт 17.1 мянган тонн улаанбуудайн дээд болон I зэргийн гурил импортлоод байгааг Ж.Энхбаяр сайд танилцууллаа.
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахад шаардлагатай мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 65.2 мянган тонн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин их тэжээл импортолсон байна. Энэхүү нөхцөл байдал нь стратегийн хүнс болох улаанбуудайн болон гурилын үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудын үйл ажиллагааг тогтворгүй болгож, тэдгээрт хийсэн хөрөнгө оруулалтын үр өгөөж үнэгүйдэх зэрэг эдийн засаг, нийгмийн олон сөрөг нөлөөг дагуулж болзошгүй байгаа хэмээн хууль санаачлагчийн илтгэлд тэмдэглэлээ.
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр баталсан хууль зорилтдоо хүрсэн гэж төсөл санаачлагчид үзсэн учраас Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан танилцуулав. Тус Байнгын хороо 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн гэлээ.
Хөдөө аж ахуйн салбарыг төрөөс дэмжихээр олгосон хөрөнгө оруулалтын хүртээмжтэй холбоотой асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний чанарын асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, улаанбуудайн нийлүүлэлт, гурил үйлдвэрлэлийн салбарт үүссэн асуудлыг шийдвэрлэхээр эрх зүйн орчныг өөрчлөхүйц хэмжээнд хүрсэн суурь нөхцөлийг шийдвэрлэх чиглэлээр салбарын яамнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, тухайн салбарт шударга өрсөлдөөн бий эсэхийг судалж, дүн шинжилгээ хийх шаардлагын талаар Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, салбар дахь төрийн оролцоог зохистой байлгах чиглэлээр зохицуулалт хийх боломжийн талаар Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, нөхцөл байдлыг зах зээлийн зарчмаар зохицуулах шаардлагын талаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг хэлж, салбарын сайд болон Төсвийн байнгын хорооны дарга, мөн ажлын хэсгийн гишүүдээс хариулт тайлбар авч байв.
П.Сайнзориг, Ж.Алдаржавхлан нарын гишүүд тодруулсны дагуу Улсын Их Хурлаас 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль нь мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байж, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах зорилгоо биелүүлсэн хэмээн Ж.Энхбаяр сайд хариулт өгсөн. Гурилын үнэ өсөхөөр дагаад бусад барааны үнэ өсөөд, тэр нь инфляцад нөлөөлөөд бүр цаашлаад бодлогын хүү өндөр байх шалтгааны нэг гээд Монголбанкны мөнгөний бодлогын танилцуулгад дурдагдаж байсан талаар гишүүд цохоод гурилын үнэ нь инфляцын асуудал болоод явчихдаг өргөн цар хүрээтэйг тооцох ёстой гэдэг байр суурийг гишүүд хэлж байв.
Иргэд нэн тулгамдаж буй асуудлаар үнийн өсөлт гэж нэрлэсэн бөгөөд төрөөс эл асуудлыг хэрхэн оновчтой, үр дүнтэй зохицуулах талаар шийдвэр гаргаж, ажиллах ёстой гэдэг байр суурийг гишүүд олонтаа илэрхийлсэн. Энэ шалтгааны улмаас 2021-2024 онд гурилын үйлдвэрүүдэд нийт дүнгээрээ 212.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Зарим үйлдвэр хөнгөлөлттэй зээлээ зориулалтын бусаар зарцуулсан байсан нь тухайн үед шалгалтаар илэрч байсан.
Нийт зах зээлийнхээ дийлэнх хувийг хангадаг тодорхой тооны үйлдвэр үгсэн хуйвалдах замаар бүтээгдэхүүний үнээ нэмсэн тохиолдол удаа дараа гарч, тэр бүрдээ мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдож байсан. Хүнс, хөдөө аж ахуйн салбар, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нь зүйтэй хэдий ч үүний үр дүнд хэрэглэгчид буюу иргэд чанарын баталгаагүй, өндөр үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлийг тулгаж болохгүй гэдэг байр суурийг Улсын Их Хурлын гишүүд илэрхийлж байв. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүргийнхээ хүрээнд төр эцсийн хэрэглэгчийн гар дээр чанартай бүтээгдэхүүнийг зах зээлийн бодит өртгөөр хүргэхтэй холбоотой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг онцолж байв. Өнөөдөр төслийг дэмжин, улмаар хууль батлагдвал дээрх нөхцөл байдал арилсан эсэх, гурилын үнэ хэт өсөх вий гэсэн болгоомжлол төрж буйгаа гишүүд илэрхийлж байв.
Гаалийн татвараас гадна хүнс, хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хэтдээ ямар зохицуулалт хийж, үнэ бодитой байх нөхцөлийг хангах асуудалд гишүүд төвлөрч, эцсийн бүлэгтээ хэрэглэгч, иргэдийн гар дээр очиж буй бүтээгдэхүүн зохистой үнэтэй, өргөн сонголттой байх боломжийг бүрдүүлэх ёстойг онцолж байв. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа нэрийдлээр зах зээлийн зарчмаараа явж байгаа салбаруудыг эрсдэлд оруулж, төрийн дэмжлэггүй л бол үйл ажиллагаа явуулах боломжгүй болдог нөхцөл бүрдүүлж болохгүй гэдэг байр суурийг мөн олонтаа хэлж байсан.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэлэлцүүлгийн үеэр “Үндэснийхээ үйлдвэрлэлд дургүй нэг ч Улсын Их Хурлын гишүүн байхгүй. Хэрэглэгчдийн буюу иргэдийнхээ нуруун дээр хүнд ачаа үүрүүлэхгүй гэсэндээ сонгосон иргэдээ төлөөлөн Улсын Их Хурлын гишүүд энд үг хэлээд сууж байна. Энэ нөхцөлд бид зөв шийдлийг олохоор хэлэлцэж байна. Өнгөрсөн жилийн өдийд нөхцөл байдал ямар байлаа, өнөөдөр ямар болсон, цаашдаа хэрхэх вэ гээд асуудлыг шийдэх гэж байгаа” хэмээн сануулж байв.
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байж, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах зорилгоор баталсан холбогдох зохицуулалт нь үүргээ биелүүлсэн. Тиймээс импортын хэрэглээнээс үүдэж буй валютын гадагшлах урсгал, мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих шаардлагын хүрээнд Байнгын хороо шийдвэр гаргасан гэдэг хариултыг өгч байв.
Монгол Улсын иргэдийг тасралтгүй, чанартай хүнсээр хангах зорилгоор улаанбуудайн тариалалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гэдгийг Ж.Энхбаяр сайд онцлов. Гуравдагч орноос улаанбуудай, гурилыг тусламжаар авдаг 1990-ээд оны сургамж, цар тахлын үеэр хил хаагдахад хүн амын хүнсний хангамжид тулгарах эрсдэл зэргээс үүдэн ямар ч нөхцөлд дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээнд улаанбуудай тариалах, улмаар стратегийн бүтээгдэхүүн болох гурилаа үйлдвэрлэх нь онцгой чухал гэж үзснийг хэлж байв. Иймд үйлдвэрүүдээ босгох, улаанбуудай тэргүүтэй 19 нэр төрлийн хүнсийг дотооддоо үйлдвэрлэх шаардлагатай хэмээн үзэж төрийн тэргүүн “Хүнсний хувьсгал” хөтөлбөр санаачилсан гэлээ. Газар тариалангийн салбар тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлд дагаад малын болон гахай, тахиа, шувуу, өндөгний эрчимжсэн аж ахуй, сүүний аж ахуй гээд хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэрийн салбар хөгждөг болохыг Ж.Энхбаяр сайд тайлбарлаж байсан.
Энэ оны тариалалт 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх бөгөөд тариаланчид улаанбуудай тарих, өөр зүйл тарих уу гэдгээ сонгох болж байгааг тэрбээр онцолж байв. Хэрвээ улаанбуудайнаас бусад таримал тариалаад эхэлбэл эргээд улаанбуудай тариалах нь амаргүй байдаг хэмээн учирлаж байв. Технологи, техникийн шилжилт нь нүсэр өөрчлөлт болдог учир хохирол өндөр гарна. Нийтээрээ ийнхүү шилжилт хийвэл улаанбуудай, гурилын нийлүүлэлт багасах эрсдэлийг сануулж байв. Тиймээс өнөөдөр хэлэлцэж буй төслийн хүрээнд тариаланчид, гурил үйлдвэрлэгчид хоорондын асуудал руу орооргүй, харин газар тариалангийн салбарын асуудлаа шийдвэрлэх юм. Дараа нь үнэ болон шударга өрсөлдөөн, хүнсний хангамжтай холбоотой асуудлуудаа үе шаттайгаар, бодлогын арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой гэдэг хариултыг өгч байв.
Жилдээ 600 сая тонн үр, тариа хурааж авдаг БНХАУ, дэлхийн улаанбуудайн 20 хувийг дангаараа нийлүүлдэг ОХУ-ын дунд Монгол Улс жилдээ 300-400 мянган тонн улаанбуудай хурааж, түүгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Мах, гурилын хангамж тогтвортой байх нь нийгмийн амьдралын гол суурь хэмээгээд гишүүдийн тодруулсны дагуу Ж.Энхбаяр сайд гурилын үнэтэй холбоотой асуултуудад дараах хариултыг өгч байлаа. Өнөөдрийн байдлаар 1 кг гурилын үйлдвэрээс гарах үнэ дунджаар 1500-2800 төгрөг байгаа ч өргөн дэлгэр газар нутагтай улс орны онцлогоор 1000 мянган км зайнд тээвэрлэхэд өртөг нь тэр хэрээрээ нэмэгдэж, эцсийн хэрэглэгчийн гар дээр өндөр үнэтэй болж хүрдэг. Дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний чанартай холбоотой асуултад хариулахдаа Ж.Энхбаяр сайд “Тариалалт, улаанбуудайн чанар, ургацын хэмжээ нь тухайн жилийн хур чийгийн байдал, цаг уурын нөхцөл, технологи, түүнд хэрэглэсэн бордоо, ургамал хамгааллын бодисын байдал, тариаланчийн ур чадвар гээд олон хүчин зүйлээс хамааран харилцан адилгүй байдаг онцлогтой” гэж байсан.
Г.Тэмүүлэн, Ж.Батжаргал нарын гишүүд “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 31 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар тодруулж, ажлын хэсгийн гишүүдээс тодруулж, Улсын Их Хурал хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх шаардлагын талаар үг хэлсэн. Төрийн бодлого тогтвортой, тодорхой байх шаардлагын талаар П.Сайнзориг нарын гишүүд санал хэлж байв. Дотоодын үйлдвэрүүд 800 мянган тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай ч одоогоор 25-30 хувийг ашигладаг, цаашид үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, экспортод гаргах асуудлыг төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай. Гурилын экспортыг дэмжигүй зөвхөн дотоодын зах зээл дээр, хэрэглэгчдийн нуруун дээр бүх ачааг үүрүүлэх гэж байгаа юм шиг бодлого хэрэгжүүлж байгаа нь хэрэглэгчийн эрхийг зөрчиж байгаа асуудал гэдэг байр суурийг олон гишүүн хэлж байсан. Мөн төслийг баталсны дараа гурилын үнэ 3 сар дараалсан мэдээллээр нэмэгдэх юм бол энэ татварыг эргэж шууд тэглэх хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгах санал ч хэлэлцүүлгийн үеэр гарч байв.
Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үр нөлөө, үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлж гишүүд үг хэлэв.
Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар дотоодын буудай, гурилын зах зээлийн төвлөрлийг тооцоход цөөн тооны аж ахуй эрхлэгчдээс хамааралтай төвлөрөл бүхий өрсөлдөөний орчин хязгаарлагдмал төлөвтэй, цаашид салбарын зохицуулалт болон өрсөлдөөний бодлогын уялдааг хангах замаар тухайн салбарт өрсөлдөөний мэдрэмжтэй шийдвэр гаргах үйл явцыг дэмжих шаардлагатай гэсэн дүгнэлтийг хөндлөнгийн шинжээч гаргасан болохыг дурдав. Улсын Их Хурлын 2024 оны холбогдох шийдвэрээр импортын гаалийн татвар болон хязгаарлалтаас чөлөөлсөн нь огцом өсөж байсан үнийн өсөлтийг саармагжуулсан хэмээн үзэж буйгаа илэрхийлээд сүүлийн жилүүдэд нөхцөл байдлаас улбаалан дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд хийсэн татварын тохируулгыг богино хугацааны давтамжтайгаар өөрчлөгдөж байгааг цохон тэмдэглэв. Төрөөс гурилын салбарт олгож байгаа зээл хөнгөлөлт томоохон аж ахуйн нэгжүүдэд давуу байдлаар олгогдож байна гэж үзэж буйгаа хэлсэн. Мөн газар тариалангийн салбар дахь төрийн бодлого өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл байдал нь үүсгэсэн байж болзошгүй хэмээгээд дээрх хүрээнд хяналтын сонсгол хийх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа хэлсэн.
Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай төсөл дэх зохицуулалтыг өөрчилж, квот тогтоох зэрэг өөр төрлийн тарифаар зохицуулалт нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийлсэн. Түүнчлэн Монгол Улсын хувьд газар тариалангийн салбар улирлын чанартай, дотоодын зах зээл хязгаарлагдмал гэдгийг тооцож, бодлогын арга хэмжээ авах шаардлагын талаар, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл дээр борлуулах боломжийг нээх чиглэлээр салбарын яам, төрийн бодлого чиглэх ёстойг хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Төслийг баталснаар тэжээлийн үйлдвэрлэл нэмэгдэх нөхцөл бүрдэх бөгөөд энэ нь бэлчээрийн доройтлыг бууруулах, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэв. Үүний зэрэгцээ төрөөс эрх зүйн орчин, бодлогын арга хэмжээнүүдээ тогтвортой байлгахад анхаарах шаардлагатай гэдгийг тэрбээр хэлж байв.
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг ийнхүү хэлэлцсэн бөгөөд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна