E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо

Х.Есү
6 цаг 12 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх зорилгоор 2019 онд санаачлан хэрэгжүүлсэн E-Mongolia систем нь иргэдэд хялбар, шуурхай, ил тод үйлчилгээ үзүүлж буй үндэсний хэмжээний хамгийн том цахим систем болон өргөжиж байна. 

Тус систем нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 23 байгууллагын 181 төрлийн үйлчилгээтэйгээр албан ёсоор нээж, олон нийтэд үйлчилж эхэлсэн бол өдгөө 88 байгууллагын 1264 үйлчилгээг үзүүлж, өнөөдрийн байдлаар бүртгэлтэй хэрэглэгч, үйлчлүүлэгч иргэдийн тоо 2,000,000 -д хүрлээ.

E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр 17 настай Цогтбаярын Эгшиглэн тодорлоо. Ц.Эгшиглэн нь “Наран” ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч бөгөөд гадаад улсад их, дээд боловсрол эзэмших зорилготойгоор элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй аж. 

Тэрбээр 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр E-Mongolia аппликэйшнийг гар утсандаа татаж, бүртгэлээ шинээр үүсгэн, анхны авсан үйлчилгээ нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт” байжээ.

Тэрээр “Миний хувьд гадаад улс руу суралцахаар төлөвлөж байгаа бөгөөд хамгийн хэрэгтэй материалаа E-Mongolia системээс авч болдог гэдгийг мэдээд шинэ хэрэглэгч болсон. Үйлчилгээг авахад ямар нэгэн асуудалгүй, түргэн, шуурхай байгаа нь үнэхээр таалагдсан. 

Гэхдээ өөрийгөө 2 сая дахь хэрэглэгч болно гэж үнэхээр төсөөлөөгүй. Анх энэ мэдээг сонсоод итгэж өгөхгүй байсан ч маш их баяртай байна. Хамгийн гол нь хаанаас ч, цаг заваа хэмнээд өөрт хэрэгтэй үйлчилгээгээ авчихна гэдэг нь хялбар санагдсан. Гэр бүл, сургуулийн удирдлага болон ангийн минь найзууд хүртэл баяр хүргээд өөрийгөө их л азтай байна гэж бодож байна.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“И-Монгол академи” УТҮГ-ын зүгээс 2 сая дахь хэрэглэгчтэйгээ албан ёсоор уулзаж, үнэ бүхий зүйл, гарын бэлэг гардуулан цаашдын хичээл, сурлагад нь өндөр амжилт хүссэн юм.

Иргэдийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, хялбар байдлаар хүргэх зорилготой E-Mongolia систем нь сар бүр дунджаар 17,000 гаруй шинэ хэрэглэгчээр цар хүрээгээ тэлж, цахим шилжилтийн амжилтыг өдөр бүр бататгаж байна. 2025 оны 04 дүгээр сарын байдлаар тус системд 7245 шинэ хэрэглэгч бүртгүүлээд байна.

Цаашид хиймэл оюун ухаанд суурилсан зөвлөмжийн систем, автомат хариулагч, дата анализын дэвшилтэт шийдлүүдийг үе шаттайгаар хөгжүүлэн нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа нь цахим засаглалыг улам боловсронгуй болгох чиглэлд чухал алхам болж байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна