Ш.Отгонбилэг агсны байгуулсан, "Н.Багабанди НУУЦ НОЁНТОН нь" гэх “Эрдмин”-ий ЭЭДРЭЭТЭЙ ТҮҮХ

Х.Батсайхан
11 цаг 54 минутын өмнө

Засгийн газраас Баялгийн санд хөрөнгө төвлөрүүлэх боломж бүхий Стратегийн орд эзэмшигч ААН-үүдтэй хийж буй хэлцэл эхний үр дүнгээ үзэхэд ойртоод байна. Тодруулбал,  “Стратегийн орд болох Эрдэнэтийн УБҮ-ийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглаж буй гурван ААН-үүдтэй хийх хэлэлцээрийг ойрын хоёр долоо хоногт эцсийн байдлаар дуусгана”  гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал уржигдар мэдэгдсэн.

Уг ордыг ашиглаж буй гурван орд нь гурвуулаа өөр, өөрийн онцлогтой ордууд байдаг бөгөөд энэ удаад олон нийт тэр бүр мэддэггүй “Эрдмин” ХХК-ийн тухай мэдээллийг хүргэж байна.

“Ачит ихт”-ийн анхдагч хувилбар

Төрийн тэргүүн байсан хүн Стратегийн ордуудыг эзэмшдэг, эзэмших гэж оролддог, ард нь нууц ноён болдог, үгүй гэх нь ээ тэгж яригддаг хэв маяг Ц.Элбэгдорж, Х.Баттулгаас биш Н.Багабандиас эхлэлтэй аж. “Эрдмин” ХХК-ийг байгуулагдахад “Эрдэнэт” УБҮ-ийн Монголын талаас томилсон анхны захирал Ш.Отгонбилэг гол үүрэгтэй оролцсон бөгөөд түүний ард Ерөнхийлөгч Н.Багабанди байдаг гэсэн яриа явдаг байжээ. Энэ хоёр хүн бол үй зайгүй найз бөгөөд Н.Багбандийн хувьд Ш.Отгонбилэг бол бараг л өөрийнхөө дараа Ерөнхийлөгч болгохоор бэлдэж байсан хүн гэж яригддаг.  

 “Эрдэнэт” УБҮ-ийн 51 хувийг эзэмших болсны дараа Монголын талаас анх удаа захирал тавьсан нь Ш.Отгонбилэг агсан байсан юм.

Тэрбээр УБҮ-ийн захирал болсныхоо дараа технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах технологи судалж явсаар АНУ-ын “SRM inc” компанитай холбогдож, “Эрдмин” ХХК-ийн эхлэл тавигджээ.

“Эрдмин” ХХК-ийг “Эрдэнэт концерн” 51, АНУ-ын “RCM inc” (Жон Вугийн бичсэн Монгол улсын эрдсийн үйлдвэрлэл илтгэлд “Эрдмин”-ий хувь эзэмшлийн талаар бичихдээ “Nescor” гэдэг нэрийг дурдсан байна)  49 хувийн хувь эзэмшилтэйгээр 1994 оны гуравдугаар сард байгуулж байжээ.

“Эрдэнэт” концерн нь Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэт” УБҮ-ийн дэргэд 1991 онд байгуулагдсан тул зарим эх сурвалжид, тухайлбал дээр дурдсан Жон Вугийн илтгэлд ”Эрдмин”-ий 51 хувийн эзэмшигч нь “Эрдэнэт” УБҮ гэж явж байгаа. Гэвч Засгийн газар “Эрдэнэт концерн”-ыг үүсгэн байгуулах тухай 1991 оны 255 дугаар тогтоолыг 1995 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр хүчингүй болгосноор “Эрдэнэс концерн” хувийн компани болжээ.

Барууны компаниуд төрийн байгууллагатай хамтарч ажиллах дургүй, энэ нь барууныханд үүд хаалгаа нээж байсан пост социалист улсуудад ихээхэн түгээмэл байсан хандлага. Тийм ч учраас Засгийн газар “Эрдэнэт концерн”-ыг Компани, нөхөрлөлийн тухай хуулийн дагуу өөрчлөн зохион байгуулж хувийн компани болгосон нь “RCM inc”-ийн тавьсан шаардлага байсан байх магадлал өндөр.

Ямартай ч Засгийн газрын тогтоолтой, “Эрдэнэт”-ийн суурь дээр байгуулагдсан “Эрдэнэт концерн”, “Эрдмин” ХХК-ийн 51 хувь хувийн ААН болсон бөгөөд харин энд мөнөөх Ш.Отгонбилэг эзэн суусан юм. Харин ард нь Н.Багабанди бий гэх яриа байдаг талаар дээр бичсэн билээ.

“Эрдэнэт” УБҮ “Эрдмин” ХХК-ийн 25 хувийг эзэмшдэг

“Эрдмин” ХХК одоо үүсмэл орд гэж гоёчилж нэрлээд байгаа, тухайн үедээ бол технологид тохирохгүй, балансын бус хүдрийн овоолгыг ашиглахаар судалгаа, туршилтаа дуусгаж, 1997 онд үйлдвэрээ нээжээ. “Эрдмин”-ий зэс цэвэршүүлэх үйлдвэр ажиллаж эхлэхийн өмнө “Эрдэнэт” үйлдвэр 005 дугаартай талбайн балансын бус хүдрийн овоолгуудыг шүлтгүйжүүлэх технологиор цэвэршүүлэх эрхийг “Эрдмин” ХХК-д 40 жилийн хугацаатай олгосон байна.  

2000 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр үйлдэгдсэн “Эрдмин” ХХК-ийг үүсгэн байгуулагчдын хурлын протоколд “Эрдэнэт УБҮ-ээс “Эрдмин”-д үзүүлсэн үйлчилгээний хөлс болох 2,388,962 ам.долларыг хөрөнгө оруулалтад тооцож, 25 хувийг эзэмшүүлэх” талаар дурдсан байна. УБҮ-ийн эзэмшил хувийг “Эрдэнэт концерн”-ий 51 хувиас шилжүүлсэн бөгөөд ингэснээр “Эрдэнэт концерн” 26 хувь, “Эрдэнэт” УБҮ 25 хувь, “RCM inc” 49 хувийн эзэмшилтэй болсон байна.

Үүнээс хойш “Эрдэнэт” УБҮ-ийн хувь эзэмшил одоо болтол өөрчлөгдөөгүй. Харин бусад эзэмшигчид нь нэлээд өөрчлөгджээ.

Одоогийн байдлаар “Эрдмин” ХХК-ийн хувь эзэмшил дараах байдалтай байна

-“RCM inc” 58.5 хувь

-“Эрдэнэт” УБҮ 25 хувь,

-МИКО холдинг 10 хувь

-Ж.Дамдинжав 6.5 хувь

10 хувийг эзэмшдэг “МИКО холдинг”-ийн тухайд эцсийн өмчлөгч нь Д.Туяа гэсэн нь Ш.Отгонбилэг агсны гэргий УИХ-ын гишүүн асан Д.Туяа бололтой.

Энэ “МИКО холдинг”-ийг Эрдэнэтгрупп 36 хувь, Д.Нямаа 32 хувь, Т.Дулмаа 21 хувь, С.Эрхэмбаяр 11 хувь эзэмшдэг аж.

Яагаад энэ компанийг онцлон дурдаж байна гэхээр, “Эрдэнэт” УБҮ-ийн 25 хувь өөрчлөгдөөгүй тул Засгийн газрын тогтоолоор байгуулж, мөн Засгийн газрын тогтоолоор хувийн болгосон “Эрдэнэт концерн”-ы эзэмшлийн 26 хувь “RCM inc” болон бусад хувьцаа эзэмшигчдэд шилжсэн болж таарах гээд байгаа юм.

“Эрдмин” ХХК 25 хувийг төрд буюу Эрдэнэт УБҮ-т эзэмшүүлж, өнгөрсөн хугацаанд 67.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ.

Хэрвээ Эрдэнэт УБҮ “Эрдэнэт концерн”-ын хувийг буюу 51 хувийг эзэмшиж байсан бол 118 тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэх ёстой байсан аж. Тодруулбал, “Эрдмин” ХХК дээр алдагдсан боломж нь 50.5 тэрбум төгрөг болж байна. Засгийн газар энэ мөнгийг төлүүлэх байр суурьтай байгаа билээ.  

Түүнчлэн, “RCM inc”-д олгосон ногдол ашиг болох 80.5 сая ам.доллараас татвар суутгаж тайлагнаагүй гэх мэтээр шалгах асуудлууд ч гарч ирэхээр байгаа юм.      



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.48
    6 цагийн өмнө

    Жинхэнэ том босс нь Эрдэнэбат гэж хүн бдаг. Маш өндөр боловсролтой маш нууцлаг Лондонд амьдардаг жинхэнэ нууц санхүүч бдаг. Монгол бүх томчуул хөрөнгө босгуулдаг, офшорын гүйлгээ хийлнэ. ХХБ-ны бонд олон улсд зарна, зэс төмөр хүдэр зардаг аймар залуу бдаг. Одоо бараг 50 гаран настай. Олон жилийн өмнө баянгол зочид буудалд Сахал эрдэнэбилэг женко ард батсүх, санхансамбуу нарыг бөхөлзүүлж бсан.

    Хариулах
  • 203.91.115.53
    7 цагийн өмнө

    Эрдмин үйлдвэр 30 гаран жил чимээгүй ажилласаар л байна

    Хариулах
  • 66.181.179.207
    10 цагийн өмнө

    Багабанди бол угаасаа дотуур тамиртай луйварчин шүү дээ...

    Хариулах