Дараагийн Ерөнхий сайдад яригдаж буй УЛСТӨРЧИД

С.Гандэлгэр
9 цаг 57 минутын өмнө

Төрийн ордны улс төр тунчиг халуун байна. МАН-ын томчууд хуралдаж, АН, ХҮН намынхан хүлээлтийн байдалтай өрнөөд буй асуудлыг хэрхэхийг хүлээж сууна. Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар дөрвөн цаг орчим уулзалдлаа. Тус уулзалтаар Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэн ажиллах эсэх болон хамтарсан засгийн газраас тарааж, МАН дангаараа засаглах эсэх асуудлыг ярьцгаажээ. 

Л.Оюун-Эрдэнийн суудал ганхахтай зэрэгцээд улс төрчдийн дунд Ерөнхий сайдын төлөөх буухиа өрнөөд байна. Ерөнхийлөгч, УИХ-ын даргын дэмжлэггүйгээр аль нь ч Ерөнхий сайдаар томилогдох боломжгүй. Аль аль талдаа хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн нь л Ерөнхий сайд болно. 

Тэгвэл улс төрийн хүрээнд хэн хэн, хэний дэмжлэгтэйгээр яригдаж байгаа талаар та бүхэнд сийрүүлэн хүргэе. 

С.Амарсайхан

Одоогийн Засгийн газрын шадар сайд. 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоод жил ч бололгүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт шадар сайдаар суусан. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн дүнгээр дахин сонгогдож, улиран томилогдсон. Одоо Ерөнхий сайдад хамгийн эрчтэй яригдаж байгаа нэгэн болоод байна. Улс төрийн хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай дөрөө харшуулан яваа.
2017 оноос хойш л мотортой мэт албан тушаал ахиж байгаагийн цаана том эрх ашиг байдаг гэлцдэг. Өгнгөн дээрээ түүний ах, Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр, "Оюуны ундраа" групп байдаг ч эртнээс л хойд хөршөөс дэмжлэгтэй улс төрч хэмээн яригддаг байв. Харин сүүлийн үед түүнийг улс төрийн хүрээнд урд хөршөөс ч дэмжлэг авах болсон хэмээн ярьж эхэлсэн. 

УИХ-д ганцхан удаа сонгогдоод л шадар сайдаар томилогдсон. Хамтарсан засгийн газар байгуулагдахад хүртэл түүнд шадар сайдын суудаг гаргаж өгсөн. Энэ зэргээс харвал дээрх таамаг хол зөрөхгүй биз.Түүнчлэн Ерөнхий сайдад нэр нь яригдаж байгаа улс төрчдөөс ганцхан С.Амарсайхан л Ерөнхийлөгчтэй уулзсан гэх мэдээлэл байна. 

Сонгогдсон тойрог нь Налайх, Багануур, Багахангай буюу УИХ-ын 13-р тойрог. Тэрбээр хамгийн бага буюу 16,539 хүний саналаар УИХ-ын гишүүн болсон байдаг. 

Б.Жавхлан

УИХ-д гурван удаа сонгогдсон. Одоогийн Засгийн газрын Сангийн сайд. Улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчийн хүн хэмээн яригддаг бөгөөд тиймдээ ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт 2021 оноос хойш Сангийн сайдаар ажиллаж байгаа. Хэд хэдэн улсын төсөв, төсвийн тодотголын ард нь гарсан гэдэг утгаараа "баяр" суучихсан улс төрч. 

Ерөнхий сайдын кабинетад урт хугацаанд ажилласан, Ерөнхийлөгчтэй ойлголцдог гэдэг утгаараа түүний хувьд бодитой яригдаж байна. Гэхдээ энэ оны төсөвтэй холбогдуулан УИХ-ын дэмжлэг нь буурсан нь түүнд саад болж магадгүй юм. 

Н.Учрал

Ерөнхийлөгчийн дэмжлэг Н.Учрал руу чиглэх магадлал маш өндөр. Эртнээс л тэр улс төрд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгтэй явсаар ирсэн. УИХ-д гурав дах удаагаа сонгогдож, ЗГХЭГ-ын дарга болтлоо дэвшсэн нэгэн. МАН-ын томоохон бүтцийн нэг СДМЗХ/НАМЗХ/-ийн Ерөнхийлөгчөөр бараг зургаан жил ажилласан учраас нам доторх залуучуудын дэмжлэг их. Харин нөгөө талд хоосон хоцорсон 70-аад оныхон түүнийг Ерөнхий сайд болгуулахгүй байх, 70-аад оны Ерөнхий сайдтай болох зорилготой байгаа нь түүнд тушаа болж магадгүй юм. 

Нөгөө талаар, "Одоогийн Ерөнхий сайд унасан тохиолдолд дараагийн Засгийн газар богино настай" гэх таамаг явж буй. Өөрөөр хэлбэл, 2026 оны сүүлээр "морио сэлгэж", Н.Учралыг Ерөнхий сайдад зүтгүүлж  магадгүй гэх таамаг байгаа юм. 

Ж.Энхбаяр/Г.Занданшатар

Ш.Жадамбаа Генералын хүү гэдгээр нь олон нийт сайн мэднэ. 2008 оноос 2020 оныг хүртэл завсаргүй УИХ-ын гишүүнээр ажиллаж, 2020 оноос хойш У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед ахлах зөвлөхөөр нь, Ерөнхийлөгч болоход ҮАБЗ-ийн НБД-аар, 2024 оны УИХ-ын сонгуулиар Төвийн бүсээс сонгогдож, ХХААХҮ-ийн сайдаар томилогдсон. 

Улс төрийн хүрээнд түүнийг Ерөнхийлөгчийн хүн гэж тодотгодог бөгөөд ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд ч нэр дэвшиж магадгүй хэмээн яригдаж байгаа кандитат юм. 

УИХ-ын дарга асан Г.Занданшатар одоо Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байгаа. Дөрвөн ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, Гадаад харилцааны сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж, УИХ-ын дарга болтлоо дэвшиж явсан нэгэн юм. 2024 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшсэн ч хамраараа таслуулсан учраас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг түшсэн гэсэн үг. Мөн л 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж магадгүй гэх шуум улс төрийн хүрээнд эрчтэй явж байгаа. Харин түүнийг Ерөнхий сайдаар томилогдоход хэд хэдэн асуудал гарч ирнэ. 

1. УИХ-ын сонгуульд ялж чадаагүй. Тойрогтоо ч ялалт байгуулж чадаагүй улс төрчид итгэл үзүүлэх эсэх нь эргэлзээтэй. 

2. УИХ-ын гишүүн биш. Ерөнхий сайд МАН-ын дарга бай ёстой учраас Г.Занданшатарыг Ерөнхий сайдад зүтгүүлэхийн тулд МАН-ын дарга болгох шаардлагатай. Мөн УИХ-ын гишүүн биш учраас дэмжлэг авахад тун хэцүү юм. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд "Намайг Ерөнхийлөгч байхад Үндсэн хуульд гар дүрэхгүй" гэж хэлснээс харвал өөрөө бус хэн нэгнийг дэмжиж, дэвшүүлэх нь тодорхой болоод байгаа. Дээр кадитатууд Ерөнхий сайдад нэр нь яригдаж байгаа ч бодьгүй хэмээн харагдаж буй. 

С.Бямбацогт

УИХ-д завсаргүй таван удаа сонгогдсон. Байнгын хорооны дарга, Бүлгийн дарга, ХЗДХ-ийн сайд, Зам тээвэр хөгжлийн сайд, Батлан хамгаалахын сайд гээд түүнд хашиж үзээгүй албан тушаал бараг үлдээгүй. Тиймдээ ч эртнээс л Ерөнхий сайд болох санаархалтай байсан гэгддэг. Мөн л улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчийн түшиж яваа нэгэн. Баруун бүсээс хамгийн олон санал авсан, олон удаа сонгогдсон гэдэг утгаараа түүнд боломж байгаа ч Ерөнхий сайдын "дүр" эсэх нь эргэлзээтэй. Харин түүний хувьд Ерөнхий сайдын буухианд оролцож байгаад Шадар сайд эсхүл ЗГХЭГ-ын даргын албан дээр бууж магадгүй юм. 

МАН дангаараа байгуулах магадлалтай дараагийн Засгийн газрын тэргүүнд яригдаж байгаа улстөрчдийг тандахад нэр иймэрхүү нэрс гарч байна. 

Сонирхолтой нь, Хамтарсан Засаг байх эсэх асуудал өчигдөр Төрийн ордонд яригдаж, Ерөнхий сайд, УИХ-ын дарга тэргүүтэй МАН-ын томчууд Ерөнхийлөгчийн өрөөнд орж уулзаж байсан. Тэгвэл дараагийн Ерөнхий сайдад яригдаж байгаа гэх дээрх улстөрчдөөс ганц С.Амарсайхан л өчигдөр Ерөнхийлөгчтэй уулзсан гэж мэдээлэгдсэн юм. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.201
    6 минутын өмнө

    Ураан Учрал биш шүү хэрвээ урааныг дэмжвэл уих ч тар

    Хариулах
  • 103.57.94.98
    1 цагийн өмнө

    Urbanikinn Lkhagvajaviig eronxii saidaar tavij, uls orniig bosgox xeregtei

    Хариулах
  • 103.57.93.77
    1 цагийн өмнө

    Эд бүгд мэрэгжлийн хулгайчид. Эдэнд засгийн эрхийг өгвөөс монгол улс мөхөл рүүгээ нэгмөсөн явна. Эдний хэн нэг нь болбол төрийн эргэлт гарч эд үхдэл болох болой

    Хариулах
  • 59.153.112.151
    2 цагийн өмнө

    хэн нь ч байсан дүүрсэн зүгээр дангаараа л ЗГ эрхийг барь

    Хариулах