Бага хурлаас үлдсэн асуултууд...

Х.Батсайхан
3 цаг 13 минутын өмнө

МАН өчигдөр хуралдаж, Хамтарсан Засгийн газарт орж ажилласан ч хамтын ажиллагааны гэрээгээ удаа дараа зөрчсөн намуудыг оруулахгүйгээр Засгийн газар байгуулах шийдьэрийг гаргаж, 2024 оны долдугаар сарын 5-ны өдөр гаргасан Хамтарсан Засгийн газар байгуулах тогтоолоо хүчингүйд тооцсон билээ.

Ингэснээр олон нийт ямартай ч Хамтарсан Засгийн газар цаашид байхгүй нь гэсэн ойлголт авсан. Гэьч тодорхойгүй асуудлууд их байна.

Хамтарсан Засгаас АН дангаараа гарах уу, ХҮН намыг дагуулах уу

Бага хурал хамтралаа болих шийдвэр гаргахдаа АН-ын гишүүдийн тодорхой үйлдлүүдтэй холбоотой гэдэг үндэслэл хэлсэн. Гэсэн хэр нь саналын томъёолол дээрээ намын нэр дурьдаагүй гэх. Өөрөөр хэлбэл, саналын томъёолол  “Гэрээ зөрчсөн намуудтай хамтрах уу” гэдэг байдлаар гарсан тул ХҮн нам татагдаад орж ирж байгаа юм. Дээр нь ХҮН намын Ж.Золжаргал талбай дээр очиж “Огцрох амархан” жагсаалыг дэмжиж гарын үсэг зурсан. Энэ нь МАН-ын Бага хурлыг саналын томъёоллыг намын нэр дурдахгүйгээр боловсруулах, улмаар ХҮН-ийг бас хамтралаас гаргах шалтгаан болж мэднэ. 

Эндээс эхний асуулт гарч байгаа нь МАН дангаар засаглах уу гэдэг асуудал.  

Нэг талаас харвал Бага хурал 2024 онд гаргасан Хамтарсан Засгийн газар байгуулах тогтоолоо өчигдөр хүчингүй болгосон. Тэгсэн хэр нь Засагт хамтарсан намуудын Бодлогын зөвлөл дээр асуудлаа ярина гэсэн нь олон нийтийг төөрөгдүүлж байна. Өөрөөр хэлбэл, “Хэрвээ Бодлогын зөвлөл дээр яриад шийдэх байсан бол Бага хурал хуралдуулах шаардлага юу вэ”, “Ер нь энэ Бодлогын зөвлөл гэж юм өмнө нь хуралдаж байсан юм уу. Аль нэг нам нь хамтралын гэрээгээ зөрчсөн асуудал гарсан бол ядаж л нэг удаа хуралдаж асуудлыг ярих, цаашдаа бүр болохгүй бол л Бага хурал руу асуудал оруулах байсан юм биш үү” гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Энэ нь Хамтарсан Засаг өөрөө асуудлаа шийдэх механизмтай, намуудын хооронд асуудал нэлээд ширүүсэж байж л Бага хурал руу очих ёстой байсан гэсэн үг бөгөөд хэрвээ тийм асуудал байсан бол гарцаагүй мэдэгдэх ёстой байсан билээ.

Ерөнхий сайд яах вэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хамтарсан Засгийн газрын асуудлыг Бага хурлаар хэлэлцүүлэх санал гаргах үед манай сайт “Хамралыг байгуулах шийдвэр гаргасан субъектээр нь цуцлуулаад өөрөө үлдэх хувилбар гаргасан байж магадгүй” гэж бичиж байсан билээ.

Өчигдөр болсон Бага хурлаар Ерөнхий сайдтай холбоотой асуудал огт яригдаагүй нь энэ таамгийг баталж байсан. Гэвч түүнийг Ерөнхийлөгчтэй уулзсаны дараахан өөрөө огт мэдэгдэл хийгээгүй байхад “Хамтарсан Засаг байхгүй бол би огцорно гэсэн” гэж мэдэгдсэн гэх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл гарч эхэлсэн. 

Улмаар Бага хурлын үеэр мөн “Хамтарсан Засаг байхгүй бол би огцорно гэсэн” гэх мэдээлэл үргэлжлэн гарсаар байсан бөгөөд “Бага хурал дээр Хамтарсан Засгаас АН-ыг гаргах асуудал яригдаж байна” гэсний дараа буюу оройхон хэрд “Ерөнхий сайд Хамтарсан Засгаас АН-ыг гаргавал би огцорно гэсэн гэнэ” болж өөрчлөгдсөн.  Үүний цаана Ерөнхий сайдыг илэрхийлсэн байр суурьтай нь холбон улс төрийн гарцгүй болгох санаа ч явж байж мэдэх юм.  

Хамгийн сонирхолтой нь, түүнийг ингэж мэдэгдсэнийг Бага хуралд оролцсон хүмүүсийн хэн нь ч батлаагүй. “Ерөнхий сайдын асуудал огт яригдаагүй” гэдэгт бүгд ам нэгтэй байсан төдийгүй, сүүлд Хамтарсан Засгаас намуудыг гаргах шийдвэр гарсныг албан ёсоор танилцуулсан ЕНБД Я.Содбаатараас тулгаж асуухад ч “Ерөнхий сайд өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн” гэхээс өөрийг хэлээгүй юм.

Өнөө өглөө хэвлэлүүдийн мэдээлэлд дээрх хоёр асуудлыг "Хамтралаас АН-ыг гаргаж, ХҮН-ийг үлдээнэ" гэх зэргээр мэдээлэгдэж байна.

Өөрөөр хэлбэл, Бага хурал Хамтарсан Засгийн газраас яг аль намыг гаргах юм бэ, Ерөнхий сайд Хамтарсан засагтайгаа хамт ажлаа өгөх үү, эсвэл үгүй юу гэдэг асуудалд хариу өгөөгүй байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна