Ерөнхий сайд болох магадлалтай УЛСТӨРЧИД: С.Амарсайханаас Я.Содбаатар хүртэл...

Zuv.mn
4 цаг 48 минутын өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулсан концепцийн нэг тулгуурыг МАН-ын Бага хурал "хугалснаар" огцрох магадлал нь өндөрссөн билээ. Улмаар дараагийн Ерөнхий сайдын марафон эхэлсэн талаарх мэдээлэл хэвлэлийн нүүрийг чимээд хэд хонож байна. Тиймээс Зөв.мн яригдаж буй улс төрчдийг цувралаар танилцуулж байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүнд яригдаж эхэлсэн цаг хугацааны хувьд ч, магадлалаараа ч Засгийн газрын Шадар сайд С.Амарсайхан эхэнд эрэмбэлэгдэж байсан бол  хамгийн сүүлд МАН-ын генсек Я.Содбаатар нэмэгдэж, ингэхдээ хамгийн магадлалтай кандидатаар тооцогдож байна. 

Я.Содбаатар 

Улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчийн хүн гэж яригддаг тэрбээр өчигдөр болсон Бага хурлын дараа гэнэт гол нэр дэвшигч болж хувирсан. Л.Оюун-Эрдэнийг явуулах "ажиллагааг" амжилттай болгосон гавьяаг хүртэх гол хүн учир ийнхүү огцом, хүчтэй яригдаж байж ч болох юм. 

Улстөрчийн хувьд бууртай, ухаалаг, ямар ч ажлыг даагаад хийж чадах бэлтгэгдсэн кадр. Залуучуудын байгууллагаас улс төрийн замналаа эхэлж, төрийн албаар дамжин Шадар сайд, УОК-ын дарга хүртлээ дэвшиж ажилласан нэгэн. "Томилогдсон албан тушаалаасаа дандаа огцорч буудаг" гэдэг тодотгол дагалддаг ч энэ удаад Ерөнхий сайд болбол тааруу нэрээ цэвэрлэж, огцом дэвшдэг гэх тодотголыг зүүх болно.     


С.Амарсайхан

Одоогийн Засгийн газрын шадар сайд. 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоод жил ч бололгүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт шадар сайдаар суусан. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн дүнгээр дахин сонгогдож, улиран томилогдсон. Одоо Ерөнхий сайдад хамгийн эрчтэй яригдаж байгаа нэгэн болоод байна. Улс төрийн хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай дөрөө харшуулан яваа. 2017 оноос хойш л мотортой мэт албан тушаал ахиж байгаагийн цаана том эрх ашиг байдаг гэлцдэг. Өгнгөн дээрээ түүний ах, Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр, "Оюуны ундраа" групп байдаг ч эртнээс л хойд хөршөөс дэмжлэгтэй улс төрч хэмээн яригддаг байв. Харин сүүлийн үед түүнийг улс төрийн хүрээнд урд хөршөөс ч дэмжлэг авах болсон хэмээн ярьж эхэлсэн. 

УИХ-д ганцхан удаа сонгогдоод л шадар сайдаар томилогдсон. Хамтарсан засгийн газар байгуулагдахад хүртэл түүнд шадар сайдын суудаг гаргаж өгсөн. Энэ зэргээс харвал дээрх таамаг хол зөрөхгүй биз.Түүнчлэн Ерөнхий сайдад нэр нь яригдаж байгаа улс төрчдөөс ганцхан С.Амарсайхан л Ерөнхийлөгчтэй уулзсан гэх мэдээлэл байна. 

Сонгогдсон тойрог нь Налайх, Багануур, Багахангай буюу УИХ-ын 13-р тойрог. Тэрбээр хамгийн бага буюу 16,539 хүний саналаар УИХ-ын гишүүн болсон байдаг.


Г.Занданшатар

УИХ-ын дарга асан Г.Занданшатар одоо Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байгаа. Дөрвөн ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, Гадаад харилцааны сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж, УИХ-ын дарга болтлоо дэвшиж явсан нэгэн юм. 2024 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшсэн ч хамраараа таслуулсан учраас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг түшсэн гэсэн үг. Мөн л 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж магадгүй гэх шуум улс төрийн хүрээнд эрчтэй явж байгаа. Харин түүнийг Ерөнхий сайдаар томилогдоход хэд хэдэн асуудал гарч ирнэ. 

1. УИХ-ын сонгуульд ялж чадаагүй. Тойрогтоо ч ялалт байгуулж чадаагүй улс төрчид итгэл үзүүлэх эсэх нь эргэлзээтэй. 

2. УИХ-ын гишүүн биш. Ерөнхий сайд МАН-ын дарга бай ёстой учраас Г.Занданшатарыг Ерөнхий сайдад зүтгүүлэхийн тулд МАН-ын дарга болгох шаардлагатай. Мөн УИХ-ын гишүүн биш учраас дэмжлэг авахад тун хэцүү юм. 


Ж.Энхбаяр/Г.Занданшатар

Ш.Жадамбаа Генералын хүү гэдгээр нь олон нийт сайн мэднэ. 2008 оноос 2020 оныг хүртэл завсаргүй УИХ-ын гишүүнээр ажиллаж, 2020 оноос хойш У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед ахлах зөвлөхөөр нь, Ерөнхийлөгч болоход ҮАБЗ-ийн НБД-аар, 2024 оны УИХ-ын сонгуулиар Төвийн бүсээс сонгогдож, ХХААХҮ-ийн сайдаар томилогдсон. 

Улс төрийн хүрээнд түүнийг Ерөнхийлөгчийн хүн гэж тодотгодог бөгөөд ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд ч нэр дэвшиж магадгүй хэмээн яригдаж байгаа кандитат юм. 


Б.Жавхлан

УИХ-д гурван удаа сонгогдсон. Одоогийн Засгийн газрын Сангийн сайд. Улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчийн хүн хэмээн яригддаг бөгөөд тиймдээ ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт 2021 оноос хойш Сангийн сайдаар ажиллаж байгаа. Хэд хэдэн улсын төсөв, төсвийн тодотголын ард нь гарсан гэдэг утгаараа "баяр" суучихсан улс төрч. 

Ерөнхий сайдын кабинетад урт хугацаанд ажилласан, Ерөнхийлөгчтэй ойлголцдог гэдэг утгаараа түүний хувьд бодитой яригдаж байна. Гэхдээ энэ оны төсөвтэй холбогдуулан УИХ-ын дэмжлэг нь буурсан нь түүнд саад болж магадгүй юм. 


Д.Амарбаясгалан

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд Бага хурал дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжсэн. Энэ шийдлээрээ нэр хүндээ үлэмж өсгөн, олон хүнийг өөрөөр харахад хүргээд буй. Улстөрчийн хувьд НИТХ-аас замналаа эхэлсэн ч сонгуульт албан тушаалд очтолоо  намын тогоонд багагүй чанагдаж боловсорсон. Энэ хооронд намаа оролцсон сонгууль болгонд нь ялуулж, "Улс төрийн  Моцарт" гэдэг хоч хүртсэн ч удаатай. 

Улстөрчийн хувьд ямар ч албан тушаалд бэлтгэгдсэн гэдгээ харуулж буй. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын ажлыг сайн хийх чадалтай. Гэвч "Богино настай" гэгдэж буй энэ Засгийн газрыг тэргүүлэх нь эрсдэлтэй гэдгийг ойлгож байгаа болов уу. Нөгөө талаар, "Эхнээсээ л хамт байсан" Л.Оюун-Эрдэнийгээ буухад оронд нь очих хүн биш. Өөрөө ч тэгж хэлсэн байсан.    


Н.Учрал

Ерөнхийлөгчийн дэмжлэг Н.Учрал руу чиглэх магадлал маш өндөр. Эртнээс л тэр улс төрд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгтэй явсаар ирсэн. УИХ-д гурав дах удаагаа сонгогдож, ЗГХЭГ-ын дарга болтлоо дэвшсэн нэгэн. МАН-ын томоохон бүтцийн нэг СДМЗХ/НАМЗХ/-ийн Ерөнхийлөгчөөр бараг зургаан жил ажилласан учраас нам доторх залуучуудын дэмжлэг их. Харин нөгөө талд хоосон хоцорсон 70-аад оныхон түүнийг Ерөнхий сайд болгуулахгүй байх, 70-аад оны Ерөнхий сайдтай болох зорилготой байгаа нь түүнд тушаа болж магадгүй юм. 

Нөгөө талаар, "Одоогийн Ерөнхий сайд унасан тохиолдолд дараагийн Засгийн газар богино настай" гэх таамаг явж буй. Өөрөөр хэлбэл, 2026 оны сүүлээр "морио сэлгэж", Н.Учралыг Ерөнхий сайдад зүтгүүлж  магадгүй гэх таамаг байгаа юм. 




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.91
    56 минутын өмнө

    Учрал бол ёс зүйтэй залуу удирдагч гэж боддог доо дэмжиж байна

    Хариулах
  • 122.201.31.126
    33 минутын өмнө

    Хүмүүс бие биенээсээ зөвхөн ёс зүйгээрэй л ялгардаг. Ёс зүй нь хүнийг хэн байхыг шийддэг. Учрал бол ёс зүйтэй залуу шүү. Учралыг дэмждэг…

    Хариулах
  • 103.212.162.178
    16 минутын өмнө

    Unendee endees humuus alga uur hun edr bdgun bhda

    Хариулах
  • 103.57.92.59
    5 минутын өмнө

    Учрад сайд болох юм маш их ажил хийх хүншдээ. Залуу хүн эрч хүч ихтэй байгаа

    Хариулах
  • 139.5.217.226
    4 минутын өмнө

    Учрал сайд болсон дээр шдээ ажил хийж байгаа нь

    Хариулах
  • 66.181.161.160
    44 минутын өмнө

    бүгд шижгийн хулгайчууд байна их наядын хулгайчууд монголыг хөгжүүлж болохгүй гэсэн гадны гар хөл урвагчид

    Хариулах