МАН-ын Бага хурал хуралдаж, Хамтарсан Засгийн газар байгуулсан гэрээгээ удаа дараа зөрчсөн учир хамтарч ажиллахгүй байх шийдвэр гаргасан. Гэсэн ч шийдвэрээ АН-д одоо болтол бичгээр танилцуулаагүй байгаа нь анхаарал татаж эхэллээ.
Бага хурлын шийдвэр гарсны дараа АН-ын дарга Л.Гантөмөр “Эрх баригч нам шийдвэрээ гаргасан учир АН Засгаас гарна, дахин орж ажиллахгүй” гэдэг байр суурь илэрхийлсэн. Гэхдээ “Я.Содбаатар маш бүдүүлэг мэдэгдэл хийсэн. АН гэрээгээ зөрчөөгүй. Тийм учраас гүтгэлгээ зогсоох шаардлагыг МАН-ын даргатай уулзахдаа тавих болно” гэж онцолсон юм. Улмаар АН-ын УТЗ хуралдах байсан ч “МАН-ын Бага хурлын тогтоолыг сургаар хэлэлцэх биш, албан ёсоор авч байж хэлэлцье” гэсэн шалтгаанаар хойшилсон юм.
Сүүлд авсан мэдээллээр МАН-ын Бага хурлын шийдвэр АН-д одоо болтол бичгээр очоогүй. АН бол “Бичгээр авья” гэдэг саналаа тавьсан юм байна.
Эндээс МАН-ын Бага хурал түргэдэж, АН гэрээгээ зөрчөөгүй байхад Хамтарсан Засгийн газраас хөөчихөв үү гэсэн асуулт гарч байгаа юм.
Бага хурлын шийдвэрийг танилцуулахдаа МАН-ын ЕНБД Я.Содбаатар “АН гэрээгээ зөрчиж, манайхаас бичиг сачиг явсан асуудлууд байдаг” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчийн “Аль нам нь гэрээгээ зөрчсөн юм бэ” гэсэн асуултад “Аль намын гишүүн Засгийн газрыг огцруулах шаардлагад гарын үсэг зурлаа” гэж хариулж байв.
Гэхдээ Бага хурал үндэслэлгүйгээр АН-ыг хөөсөн гэх мэдээллийг шууд батлах боломжгүй. Яагаад гэвэл гэрээ олон нийтэд ил болоогүй байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна