Ж.Дэлгэрсайхан: Засаглалын тогтворгүй байдал эдийн засагт сөргөөр нөлөөлдөг

С.Гандэлгэр
12 цаг 40 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны Хөгжлийн төлөвлөгөө, Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. Ирэх оны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай товч ярилцлаа. 

-2026 оны Хөгжлийн төлөвлөгөө, Төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ хэлэлцэж байна. Ирэх оны эдийн засгийн нөхцөл байдал ямар байх вэ. Хэр өөдрөгөөр төсөөлсөн байна вэ ?

-Засгийн газраас оруулж ирсэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлийн орлого, зарлагын харьцаа харьцангуй Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон эдийн засагчдийн санал болгосноор төрийн оролцоог бууруулах, орлогыг хэт өөдрөг төсөөлөхгүй байх зарчмын бодлоготой нийцэж байгаа. 

2020 оноос хойш төсвийн зарлага асар их нэмэгдсэн. Дагаад төрийн оролцоо нэмэгдсэн. Уул уурхайн салбараас хамаарч өссөнэ төсвийн орлого цааш өсөх нь эргэлзээтэй байгаа үед төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг оруулж ирэхдээ дараа жилүүдийн төсвийн зарлагын өсөлтийг харьцангуй хязгаарласан. ДНБ-д эзлэх хувь хэмжээг нь бууруулсан. Нийт зарлагын хувь хэмжээг ДНБ-ий 30-аас доош хувийн жин рүү оруулах гэсэн дэвшилттэй. Ер нь төрийн оролцоог бууруулах чиглэлд нэгдсэн төсвийн зарлагыг бууруулж байгаа алдагдалгүй хэвээр нь үргэлжлүүлж байгаа зэрэг бодлогын эерэг зүйлс байна. Би хувь хүнийхээ хувьд ч, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хувьд ч ерөнхийд нь дэмжиж байгаа. 

Үүнээс гадна бидэнд анхаарах зүйлс бий. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал эргэлзээтэй, эрсдэл өндөртэй байна. Оны эхний улирлын эдийн засгийн гүйцэтгэл маш доогуур түвшинд гарлаа. ТТБЗ-ийн ялгаатай ЗГ-ын оруулж ирсэн төслүүд бий. 1-рт 2025 оны Эдийн засгийн өсөлтийг 2025 онд 5 орчим байхаар цаашид өсөхөөргүйгээр төсөөлсөн. Гэтэл ЗГ-ын зүгээс 2025 оны өсөлтийг 7.5 хувь, цаашид бидний таамагласнаас дундажаар нэг хувь өндөр байхаар төсөөлсөн. Ойрын ирээдүйд эдийн засаг эерэг байх дүр зураг харагдахгүй байгаа нь дараагийн гурван жилийн таамаглал төсөөллийг эргэлзээтэй болгож болзошгүй дүр зурагтай байна. Энэ баримтыг бид агуулгын хувьд ойлгох хэрэгтэй. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг зөвхөн төсвийн зарлага, орлого, ДНБ, инфляцийг төсвийн хүрээнд батлаад байгаа биш Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг төр засгийн зүгээс хэрхэн таамаглаж байна вэ, төсвийн зарлага орлого, хэрэглээний үнийн өсөлтийг хэрхэн таамаглаж зорьж байна гэдгийг хардаг. Хувийн хэвшил болон нийт макро эдийн засгийн хувьд томоохон ач холбогдолтой зүйл юм. 

Энийг харж байж л хувийн хэвшил маань өөрсдийн үйл ажиллагаагаа төлөвлөдөг. Тийм учраас энэ бол дунд хугацааны бодлогын томоохон баримт бичиг гэдэг талаас нь бид харах хэрэгтэй. 

-Энэ оны төсвийн хэт өөдрөг төсөөлсөн гэж үзэж болохоор байна. Ирэх онуудад ч өөдрөг байдлаар төсөөлж байна гэж харж байна уу? 

-Ямартай ч энэ удаад хэрвээ эдийн засаг ийм байгаа үед төсвийн тэлсэн бодлогоо хэрэгжүүлээд, төсвийн зарлага хэт өсөөд, алдагдалтай болоод эдийн засагтаа эерэг үр дагавар авчрахгүй юм байна гэдэг болгоомжилсон Эдийн засгийн таамаг өгсөн. Энийг бол Засгийн газар нэлээдгүй харгалзаж үзсэн байна. Тухайлбал бидний таамагласнаар зарлагыг бууруулсан. Энэ жилээс өсгөхгүй байхаар төлөвлөсөн нь эерэг.

Эрсдэл бол бий. Энэ жилийн төсвийг алдагдалгүй баталсан. Одоогоор төсөв дээр тодорхой хэмжээний дарамт ирчихсэн явж байна. Гэхдээ нэгдүгээр сарын огцом нөлөөллийг бодвол харьцангуй саарч эхэлж байна. Тэгэхээр бидний хувьд дараа жилийн төсвийн орлогыг энэ оны орлогын түвшинтэй адил төсөөлнө гэдэг бол томоохон эрсдэл дагуулахгүй байх. Эдийн засаг бол энэ онд ямартай ч 4-5 хувь өсөх байх. Тэгэхээр 2025 оны суурь нөхцөлөөс эдийн засаг урагшилна гэсэн үг. 

-Засаглалын тогтворгүй байдал эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ? 

-Бид хоёр зүйлийг ярих ёстой. Засаглалын тогтвортой байдал хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ өнөөдрийн нийгэм эдийн засгийн байдал ард түмний амьдралд бууж байгаа юу үгүй юу гэдгийг харах ёстой. Тийм учраас хэрвээ өөрчлөх гэж байгаа бол сайжруулах ёстой. Өнөөдрийн бодлого хэрэгжилт ард түмний амьдралыг сайжруулах чиглэлд өөрчлөгдөх ёстой. Дордуулахгүй байх ёстой. 

Улс төрийн тогтворгүй байдал гэдэг тодорхой хугацаанд эдийн засагт нөлөөлдөг. Гадаад зах зээлд байгаа бондуудын үнийн уналт бол илрэл нь юм. Хамгийн гол нь бид урт хугацааны эдийн засгийн тогтвортой бодлого хэрэгжүүлж чадах засаглалын суурийг тавих нь чухал. Өнөөдрийг хүртэл бидний явж ирсэн замын хажууд бол засаглал тогтвортой, тогтворгүй ямар ч үед бидний хийж чадахгүй байгаа асуудал бол иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх. 

Мөн хамгийн гол анхаарах ёстой асуудал нь нүүрснээс, уул уурхайгаас орж ирж байгаа орлогоо зөв зарцуулах. Тэрнээс засаглал солих солихгүй нь дараагийн асуудал. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 212.102.51.57
    Өчигдөр

    Эдийн засагч юм бол тоотой, баримттай , ярьж бай.

    Хариулах