Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн Нацү башёд окэки Ооносато 14-1 амжилтаар түрүүлж, мэргэжлийн сүмогийн 75 дахь ёкозүна цолтон болсон билээ. Хэдий Ооносатогийн багш Кисэносато найман жилийн өмнө ёкозүна цол хүртэж байсан ч Ооносатог япончууд хэд түрүүлээд зодог тайлах биш, монголчуудын ноёрхлыг зогсоож чадах, жинхэнэ хүчирхэг их аварга төрлөө хэмээн баярлаж буй. Шинэхэн аварга ч дэмжигчдийнхээ энэ их итгэл найдлагыг ойлгож, цаашид сайн барилдахаа илэрхийлжээ.
Тэрбээр өчигдөр цолны болзол хангасныхаа дараах анхны мэдэгдлээ хийсэн бөгөөд “Би ёкозүна цолыг гутаахгүйн тулд бэлтгэлээ хичээнгүйлэн хийх болно. Цорын ганц ёкозүна болохыг зорино” хэмээн итгэл төгс мэдэгджээ.
Ооносато нь 2024 оны эхээр аймшигт газар хөдлөлт, цунамид нэрвэгдсэн Ишикава мужаас гаралтай бөгөөд гамшгийн үеэр тус мужид 600 орчим хүн амь үрэгдэж, өргөн хэмжээний хохирол амссан юм. Тиймээс нутгаа мөн дурдаж, “Би ёкозүнагийн хувьд Ишикава муж болон Ното бүсийн ард иргэдийг зоригжуулж, урам өгөхийн тулд шаргуу ажиллах болно. Би сүмогийн ертөнцөд анх орохдоо л “Ёкозүна цол бол миний зорилго байх ёстой” гэж шийдсэн. Үүнд хүрэх мэдээж амаргүй байсан, тиймээс би үнэхээр баяртай байна" гэж ярьжээ.
Шинэ их аварга Ооносатог япончууд төдийгүй бөх танвдаг, сайн бөхийг үнэлж чаддаг Монголын сүмо сонирхогчид хүртэл олон жил сайн барилдах сайн бөх төрлөө хэмээн хүлээн зөвшөөрч байгаа билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна