УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр хэлэлцээрт хавсрагдаж орж ирсэн зээлийн гэрээн дээр Чойрын буюу Говьсүмбэр аймгийн нутагт байх дэд станцыг “Дундговь аймгийн нутагт байрлах” хэмээн андуурч бичсэн асуудал гарчээ.
Эрчим хүчний яамнаас энэхүү алдааг хүлээн зөвшөөрч, “Хэлэлцээрийг УИХ соёрхон баталсны дараа алдааг залруулахаар Дэлхийн банктай тохирсон” гэдэг тайлбар хэлсэн.
Үүнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бухимдаж “Хэлэлцээр баталсны дараа засна гэж юу гэсэн үг вэ. УИХ соёрхон баталсны дараа үг битгий хэл үсэг, цэг таслал ч засаж болдоггүй. Өчигдөр Байнгын хороогоор хэлэлцэх үед техникийн алдаа гарсан байна гэдэг асуудал яригдахад УИХ-аар хэлэлцэхээс өмнө засаад орж ирнэ гэж байсан. Засаагүй байгаа юм байна шүү дээ” гэв. Улмаар “Энэ асуудлыг одоо ингээд хэлэлцэхээ зогсооё. Гишүүд асуултаа асууж, хариултаа авчихья. Хэлэлцээрийг батлахгүй гэж байгаа юм биш. Алдаа мадаггүй батлах ёстой” гэснээр хэлэлцээр соёрхон батлагдах асуудал алдаа засагдтал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна