Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу явуулсан “итгэл хүлээлгэх” бичгийг өмнө нь хүргэсэн.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Энэ асуудал нь Үндсэн хуулийн холбогдох заалт анх удаа амилах гэж байгаа гэх утгаар өөр хоорондоо шууд холбогдох юм шиг мөртлөө санал өгөхөд хүндрэл үүсгэсэн ГУРВАН үндсэн асуултыг УИХ-ын(гишүүдийн) өмнө тавьж жонхууруулсан байна.
Нэг. УИХ-аас нэгэнт баталсан Засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ дэмжиж байна уу? гэх асуулт. Тодруулбал, баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний реформ, бүсчилсэн хөгжилийг дэмжиж байна уу гэх асуулт. Дээрх асуудлыг парламентад суудалтай бүх улс төрийн нам, гишүүд дэмжсээр ирсэн байх бөгөөд дэмжихгүй унагаж байсан нам, бүлэг байхгүй байна.
Хоёр. “Хамтарсан Засгийн газар”-ын бодлогыг дэмжиж байна уу гэх асуулт. Үндсэн хуульд “хамтарсан Засгийн газар” гэх нэршил, ойлголт байхгүй байх бөгөөд УИХ-д олонхийн суудал авсан Ерөнхий сайдын байгуулсан “Монгол улсын Засгийн газар” гэх нэг л ойлголт байна. Энэхүү асуудал нь парламентын олонхийг бүрдүүлэгч намын төлөөллийн дээд байгууллагын шийдвэрийг намын дарга нь өөрөө хэрэгжүүлэх үү үгүй юу гэдэг улс төрийн асуудлыг үүсгэж байна.
Гурав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өөрт нь УИХ итгэл үзүүлэх эсэх асуулт. Энэ бол Ерөнхий сайдын Үндсэн хуульд заасан хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрхийн асуудал мөн. Ийм ГУРВАН асуултанд УИХ НЭГ хариултаар хариу өгөх улс төр, эрх зүйн нөхцөл байдал үүсэв" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна