Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ жил тохиож байна. БГД-ийн Дотоод аудитын албанаас санаачлан Монгол улсын Сангийн яамтай сургалт хамтран зохион байгууллаа.
Сургалтад 21 аймаг, 13 яамд, гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газар, 9 дүүрэг, нийслэлийн Дотоод аудитын алба Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын 250 орчим албан хаагчид оролцож байна.
Сангийн яамны Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга С.Отгонбаяр: "Дотоод аудит нь байгууллагын үйл ажиллагаанд тулгарч болзошгүй эрсдэлийг илрүүлэн мэдээлэхээс гадна түүний үр ашиг, үр нөлөөг сайжруулахад чиглэсэн хараат бус, бодитой зөвлөмж, баталгаажуулалт үзүүлдэг. Тус үйл ажиллагаа нь эрсдэлд суурилсан аргачлалаар удирдлага, дотоод хяналт, засаглалын тогтолцоог үнэлж, байгууллага зорилгодоо хүрэхэд нь дэмжлэг үзүүлдэг чухал хэрэгсэл юм.Дотоод аудитын олон улсын мэргэжлийн практикийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, үндсэн зарчмууд, чанар болон байнгын сайжруулалтыг үлгэрлэн харуулах, үр дүнтэйгээр харилцах, санаачлагатай, ирээдүйд чиглэсэн байх, харилцан туршлага солилцох зорилгоор энэхүү сургалтыг зохион байгууллаа”
Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны дарга Н.Наранчимэг: “5-р сар Дотоод аудитыг сурталчлах сар байдаг бөгөөд бид дүүргийн хэмжээнд "Дотоод аудитыг сурталчлах сарын аян"-аа зохион байгуулж ажилладаг байсан бол одоо Монгол улсын хэмжээнд зохион байгуулж, шилдэг мэргэжилтнүүдээс суралцах, мэдээ мэдээлэл олж авах салбарынхаа мэргэжил нэгт аудиторуудтай уулзаж танилцах боломжийг олгож байгаадаа баяртай байна.
Энэхүү сургалт нь дотоод аудитыг сурталчлах сарын хүрээнд улсын секторын дотоод аудитын оролцоо, үнэ цэнэ ач холбогдлыг нэмэгдүүлэх.Эрсдлийн удирдлага болон олон нийтийн эрх ашгийг дотоод аудит хэрхэн хамгаалдаг талаар мэдээлэлтэй болох, дотоод аудитын үйл ажиллагааны үр дүн, сайн туршлага солилцох, шинэлэг санаа мэдлэг хуваалцах гэх 3 зорилтын хүрээнд зохион байгуулж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна