Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.03/ хуралдаан 14 цаг 38 минутад, гишүүдийн 54.2 хувийн ирцтэй эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.
Байнгын хорооны 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, Монгол үүлдэр, омгийн адууны удмын санг хамгаалах асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталсан. Үүнтэй холбогдуулан боловсруулсан Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Ганхүлэг хариулсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат малын генетик нь ашиг шимтэй холбоотой цогц асуудал. Иймд салбарын яам, шинжлэх ухааны холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ үүнтэй холбоотой хөрөнгө, төсвийг шийдвэрлэх нь чухал тул ажлын хэсэг тодорхой хугацаанд ажиллаад Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төсөлд асуудлаа тусгах нь зүйтэй гээд монгол морийг эрлийзжүүлж буй асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг хүслээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай малын чанарыг сайжруулахад чиглэсэн төрийн өмчит цөм сүргийн аж ахуйд хэчнээн мал байгааг тодруулаад үүнийг өсгөж, үржүүлсэн ажлын явц байдал, холбогдох тооцоо судалгаа хийхэд ажлын хэсгээс анхаарч ажиллах нь зүйтэй талаар санал хэлсэн.
Ингээд тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон 14 гишүүнээс 11 нь дэмжсэнээр төсөл батлагдлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна