Ерөнхийлөгчийн шидсэн үгс хэн хэнийг чиглэв

С.Гандэлгэр
Өчигдөр 10 цаг 04 минут

Ерөнхийлөгчийн хоёр өгүүлбэр тутмын нэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү чиглэсэн гэхэд хилсдэхгүй. Нэгэн цагт дөрөө харшуулж явсан улс төрчид өчигдөр зам салсан гэдэг нь нэгэнт ил болсон. Үүнийгээ тэрбээр доорх үгсээрээ илэрхийлж байсан бөгөөд тайлбарлах гэж оролдъё. 

  • Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар ажилласан таван жилийн хугацаанд бүх талаар дэмжлээ. Хамтарсан Засгийн газрыг ч тултал нь дэмжсэн шүү.
  • Олон жил Ерөнхий сайдыг хүмүүжүүлж, сургаж, бэлтгэж, хамт амьдарсан улс төрчийнхөө хувьд, удирдагчийнхаа хувьд хүндэтгэлтэй ханддаг. /Л.Оюун-Эрдэнээ би чамайг чамайг өдий зэрэгт хүргэсэн/ 
  • Хүн засаглахгүй хууль засаглана. Ямар хүн Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих ёстой гээд яриад явааг ойлгохгүй байгаа. /Ерөнхийлөгчийн засаглал гэсэн юм ярих аа боль/
  • Өөрийн хашиж байгаа өчүүхэн тушаалд битгий шигд. Удирдагч хүн ухрах үедээ ухардаг, урагшлах үедээ урагшилдаг чадвартай байх ёстой. Ард түмнээсээ уучлалт гуйж чаддаг байх ёстой. /Ажлаа өг. Битгий ийм өчүүхэн байх. Уучлалт гуй/
  • Энэ засгийн газар яагаад тарсан бэ гэдгийг та бүхэн өөрсдөө мэдэж байгаа болов уу гэж бодож байна. Энийг надаас биш Ерөнхий сайдаас асуух хэрэгтэй. /Энэ засгийн газар чамаас болоод огцорсон шүү/
  • Хамтарсан засгийн газар яагаад тарах болсон. Хэн энийг тараах санаачилга гаргасан гэдгийг холбогдох хүмүүс хариулах нь үнэнд нийцнэ. /Чи бүхнийг эхлүүлсэн/
  • Баялгийн санг би санаачилсан юм. Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр "Үндэсний баялгийн сан байгуулна" гэдэг заалт оруулсан. 2018 онд Л.Оюун-Эрдэнэ миний ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад томилолт бичиж өгөөд Норвегийн баялгийн санг судлаад ир гээд явуулж байсан. Судлаад ирж байсан. Баялгийн сан гэдэг чинь ийм чухал юм байдаг юм байна гээд танилцуулаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Баялгийн сан бий болсон. /Л.Оюун-Эрдэнэ биш би Үндэсний баялгийн сангийн автор/

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга болон Парламентад хэд хэдэн үг хэлээд амжсан юм. 

Д.Амарбаясгалан

  • Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш Монгол төрийнхөө парламентад байнгын хүндэтгэлтэй хандаж ирсэн. 
  • Энд сууж байгаа хоёр дарга /УИХ-ын дарга, Ерөнхий сайд/-д хүндэтгэлтэй ханддаг. Хайрладаг, хамгаалдаг. Өнөөдөр ч гэсэн би хайртай байгаа. 

Би зарчим ярьж байна шүү. Би энэ хоёр даргыг хүүхэд байхаас нь зарчимтай байгаарай гэж байнга захиж ирсэн. Хулгай дээрмээс хол байгаарай, худлаа битгий яриарай, хуурч битгий мэхлээрэй гэж ах хүний хувьд, дарга удирдагчийн хувьд захиж ирсэн. /Миний үгэнд ор/

Захиасыг маань хөсөрдүүлэхгүй байх гэж найдаж байгаа. Хүн чанаргүй зан авир гаргахгүй байх гэдэгт итгэлтэй байна. /Хүн чанартай бай/

Ард түмний тавьж байгаа шаардлагад УИХ зохих хариултыг нь өгөх ёстой. /Засгийн газрыг огцруул/

Хэрвээ та бүхэн ард түмнийхээ талд шийдвэр гаргаж чадахгүй бол ард түмэн арай ондоогоор ярьж магадгүй байна шүү. /Засгийн газрыг огцруулахгүй бол УИХ-ын ч асуудал болно шүү/

Түүний үгс Ардчилсан намын лидерүүдийг ч орхиогүй юм.

С.Ганбаатар 

Би Ерөнхийлөгчийн өндөр сэнтийг гаднынхны 50 сая воноор зарж байгаагүй шүү. Би таван нам дамжиж амьдраагүй. /Би чам шиг биш шүү, С.Ганбаатар аа/

Х.Баттулга

Эхнэрээ солиогүй, нөхдөөсөө урваагүй. /Чи урвасан шүү/



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 93.229.88.66
    Өчигдөр

    Shal sogtuu nud bn da

    Хариулах
  • 103.229.123.139
    Өчигдөр

    хулгай бүү хий гээд байгаа биш үү мөн худлаа битгий ярь

    Хариулах