Монголчуудын үндэсний уламжлалт сар шинийн баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Иргэд цагаан сарын баяраар үндэсний үйлдвэрлэлээ тэр дундаа малчдын гар дээрээс сүү цагаан идээнийхээ дээжийг авах нь элбэг болсон.
Үүнтэй холбогдуулан манай сурвалжлах баг Ялалтын талбайд зохион байгуулагдаж буй цагаан сарын үзэсгэлэн худалдааг зорилоо. Ялалтын талбайд Архангай аймгаас ирсэн малчид сүү цагаан идээнийхээ дээжийг дэлгэн тавьжээ.
Хорхой ааруул, жижг ааруулууд кг нь 40-45 мянган төгрөг, ээзгий 35-40 мянган төгрөгийн үнэтэй бол тавгийн ааруул 450-500 мянган төгрөгийн үнэтэй байна.
Ингээд малчидтай хэсэг хором ярилцсан яриаг та бүхэндээ хүргэе.
Архангайн Цахир сумын малчин Н.Галбаатар: Энэ жил ээзгий эхнэр хоёроо дагуулаад Ялалтын талбайд ягаан дээлтэйгээ зогсож байна. Бүх төрлийн цагаан идээгээ аваад ирлээ дээ. Хүмүүс ягаан дээлт ориг бүтээгдэхүүн зарж байгаа гээд сураглаад ирж байна. Энэ жил бүр ориг цагаан идээнүүдээ аваад ирлээ.
Амт чанар сайтай сайхан бүтээгдэхүүнүүд бий. Зуны гурван сар үүрийн харанхуйгаас үдшийн бүрэнхий хүртэл хөдөлмөрлөж байж хийж байгаа зүйл учраас тохиромжтой үнээр нь л зарж байгаа.
Хүүхэд насны цагаан сарын баяр л хамгийн дурсамжтай сайхан даа. Аль аалиар хэсэж чихэр боов цуглуулж, морь унаж давхих л сайхан байдаг шүү дээ.
Манжийн хор идэж байснаас малынхаа цагаан идээг идсэн нь дээр шүү дээ. Нийслэлчүүд ягаан дээлтээс ирж цагаан идээгээ аваарай.
Архангай аймгийн Ихтамир сумын малчин М.Өлзийбаяр: Хотод ирээд хоёр хонож байна. Би энэхүү үзэсгэлэнд зургаа дахь жилдээ оролцож байна. Хүмүүсийн худалдан авалт хэвэндээ л байна. Ааруул цагаан идээний үнэ нэмэгдээгүй. Жижиг ааруулууд л 5-10 мянган төгрөгөөр нэмэгдсэн юм шиг байна. Энэ үзэсгэлэн дээр байгаа идээнүүдээс миний идээ бол харьцангуй бага үнэтэй байгаа.
Зарим хүмүүс яасан үнэтэй юм бэ гэж байна лээ. Малчид бид чинь хоёр нарны хооронд ажилладаг шүү. Өглөөнөөс үдшийн бүрий болтол ажилладаг. Хүмүүс л мэддэггүй ойлгодоггүй болохоос энэ чинь хүнд ажил шүү дээ.
Гадаа зогсоод жоохон даарч л байна. Одоо яах вэ дээ тэвчинэ шүү дээ. Цагаан сарын баяр сайхан шүү дээ. Аз жаргалаа бусадтайгаа хуваалцдаг гайхалтай баяр гэж боддог. Би наашаа ирэхээсээ өмнө хамаг тоос шороогоо угаачхаад ирсэн. Одоо битүүнд очсон ч хамаагүй ээ.
Архангай аймгийн малчин Өндөр-Улаан сумын малчин Г.Цэрэнтогтох: Эхнэрийн минь гараа гаргаж хийсэн сайхан цагаан идээнүүд бий. Ааруул цагаан идээгээ аваад ирсэн. Эхнэр маань Соёолж молл дээр зогсож байгаа би энд Ялалтын талбай дээр зогсож байна. Хоёр талд л ажиллаж байна даа.
Гадуур гайгүй чихэрнүүд 50-60 мянган төгрөгийн үнэтэй байна шүү дээ. Би ааруулаа кг-ыг нь 40-45 мянган төгрөгөөр зарж байгаа.
Архангай аймгийн Жаргалант сумын малчин З.Мандахбаяр: Би 43 жил мал маллаж байна. Хотод ирээд хоёр хонолоо. Идээшихгүй ёстой хэцүү юм байна. Өглөө эрт гараад л түгжирч явсаар байж 10 11 цагт энэ талбайдаа ирэх юм орой бүрий болохоор цагаан идээгээ хураагаад харих гэсээр байтал шөнийн 10-11 цаг болж байх юм. Манай хөдөө бол тэгэхгүй шүү дээ. Яг сайхан цагтаа л байдаг.
Би цагаан идээгээ хойч үедээ өвлүүлж үлдээх хэрэгтэй гэж боддог. Ядаж л хүүхдийн шүд өвдөхгүй сайн шүү дээ. Одоогийн хүүхдүүд чинь гурван настайгаасаа эхлээд л шүд нь хорхойтоод өвдөөд эхэлдэг болсон. Тиймээс хүүхдүүддээ сайн ааруул цагаан идээ өгч байх хэрэгтэй” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна