К.Токаевын боловсруулсан Казахстаны шинэ Үндсэн хуулийн гол үзэл санаа, заалтууд

Zuv.mn
2 цаг 1 минутын өмнө

Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев өнгөрсөн сарын 30-ны өдөр “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас илүү Шинэ Үндсэн хууль батлах шаардлагатай” гэж мэдэгдсэн нь анхаарал татаад байна.

Тэгвэл шинээр батлагдаж магадгүй байгаа тус хуулийн талаар лента цахим хуудаст дараах мэдээллийг оруулсан байна.

-Казахстаны Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Бакыт Нурмуханов шинэ Үндсэн хуулийг танилцуулсан.

-Танилцуулагдсан шинэ Үндсэн хууль нь 11 бүлэг, 95 зүйлтэй.

- Бакыт Нурмуханов танилцуулгадаа шинэ Үндсэн хуулийг "Бүгд найрамдах улсын үйл ажиллагааны шинэ үндсэн зарчим", үндэсний үнэт зүйлсийг тусгасан, улсын өнгөрсөн үеийг алдаршуулж, одоо болон ирээдүйн удирдамж болно гэж тодорхойлсон байна.

Шинэ Үндсэн хууль боловсруулах ажил 2025 оны есдүгээр сард, К.Токаев улс оронд эрс өөрчлөлт хийхийг уриалсны дараа эхэлсэн. Тухайн үед Казахстаны парламентын статусыг өөрчлөх, Сенат (дээд танхим)-ыг татан буулгах зэрэг саналууд гарч байсан.

Сүүлд танилцуулагдсан хуульд тус улсын гадаад бодлого, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, Казахстан улсад оршин суудаг гаднын иргэдийн статуст нөлөөлж болохуйц заалтууд орсон байна. Лента цахим сониныхон энэ талаарх мэдээллийг судлах явцдаа шинэ Үндсэн хууль нь К.Токаевын хувьд залгамжлагчаа тодруулах бэлтгэл байж болох зэрэг “өнцгийг” олжээ.  

Хэлбэрийн хувь, Үндсэн хуулийн текстийн 84 хувь нь шинэчлэгдэж байгаа нь маш том дорвитой өөрчлөлт гэсэн сэтгэгдлийг төрүүлж байна.

Жишээ нь, Казахстаны ард иргэдийн талаар одоогийн үндсэн хуульд бүгд найрамдах улсын ард түмний "нийтлэг түүхэн хувь тавилан"-ы талаар дурдсан байдаг бол шинэ Үндсэн хуульд "Их талын мянган жилийн түүх"-ийн тухай дурджээ. Энэ нь агуулгыг БНУ байгуулагдсан үе, одоогийн газар нутгаас халиаж, цаг хугацаа, орон зайн хувьд илүү өргөн болгосон байна.  

Түүнчлэн, улсын нэгдмэл шинж чанарыг баталгаажуулж (2-р зүйлд одоогийн Үндсэн хуульд байхгүй улсын нутаг дэвсгэрийн бүтэц, улсын хил хязгаарын хувиршгүй байдлыг улам баталгаажуулсан), давхар иргэншлийн статустай холбоотой зохицуулалтыг чангатган, Үндсэн хуулийн тогтолцоог хүчирхийллийн аргаар өөрчлөх суртал ухуулгыг хориглохоос гадна шинэ томъёолол нь "Казахстан улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд халдах"-ыг хориглосон.

Дайны суртал ухуулгыг хориглох тухай заалт дээр "зэвсэгт мөргөлдөөний суртал ухуулга"-ыг хориглох гэсэн үг нэмэгдсэн бол хамгийн анхаарал татсан нь, олон улсын эрх зүйн тэргүүлэх ач холбогдлыг үгүйсгэж, олон улсын гэрээний хэрэгжилтийг дотоодын хуулиар тодорхойлно гэж заажээ. 

Төрийн байгуулалтын бүтцэд мөн том өөрчлөлт хийхээр зэхсэн нь, 

Хоёр танхимтай парламентын (Мажилис ба Сенат) оронд 145 депутаттай нэг танхимтай Курултай /Хуралдай гэсэн монгол үг/ байгуулагдана;

Курултайн сонгуулийг зөвхөн намын жагсаалтаар, таван жил тутамд явуулна;

Ерөнхийлөгчийн томилсон Казахстаны Бүгд Найрамдах Улсын Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалыг бий болгоно;

Үндэсний цөөнхийн төлөөлөгчид, олон нийтийн зүтгэлтнүүд, маслихатуудын (орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын) гишүүдийг багтаасан 126 гишүүнтэй зөвлөх байгууллага болох Казахстаны Ардын Зөвлөлийг байгуулана;

Нэг хүнийг тус улсын ерөнхийлөгчөөр нэгээс илүүгүй удаа (долоон жилийн хугацаатай) сонгож болно.

Залгамжлагчийн тухайд, өдгөө төрийн зөвлөхөөр ажиллаж буй Ерлан Кариныг К.Токаевыг залгамжлах хамгийн өндөр магадлалтай гэж лентагийн шинжээчид үзжээ. Гэхдээ түүнийг сонгосон байлаа гэхэд Дэд ерөнхийлөгч болтол хугацаа байна.  

Ерөнхийлөгч К.Токаев Үндсэн хуулийг өөрчлөх эсэх санал асуулгыг 2027 онд явуулахыг уриалсан тул түүнээс хойш л Үндсэн хууль өөрчлөгдөх юм.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна