Баянзүрх дүүргийн нутаг, Бага дарь эхэд нэг гэр бүлийн гурван иргэнийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг энэ оны нэгдүгээр сарын 4-ны өдөр гарсан. Тус хэргийг үйлдсэн этгээд нь сэтгэцийн өвчтэй М.Батчулуун гэгч байсныг бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл М.Батчулуунд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, шүүхэд шилжжээ. Бид хохирогч П.Сувданхуягийн өмгөөлөгч Р.Булгамаатай холбогдож мэдээллийг тодруулахад, “Хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хурлын тодорхой тов гарахаар хэлнэ” гэх хариултыг бидэнд өгсөн юм.
Хэрэгтэн М.Батчулуун нь F20 буюу шизофрени өвчнөөр өвдсөн гэж оношлогдсон нэгэн бөгөөд өмнө нь 2020 онд гудамжинд алхаж явсан хүнийг хөнөөж, улмаар СЭМҮТ-д албадан эмчлүүлж байсан бөгөөд СЭМҮТ-ийн эмч нарын дүгнэлтийн дагуу Баянзүрх дүүргийн шүүх түүнийг 2024 онд суллаж байсан юм.
Гэмт хэрэгтний гараас амьд үлдсэн гурван настай охин нь цээжин тус газраа гурван удаа хутгалуулж, зүрх уушгиндаа хүнд гэмтэж, мөн гарын бугуй хэсгийг нь мэсээр хэд хэдэн удаа зүсүүлсэн хүнд гэмтэлтэй байсан. Охины хагалгаа амжилттай болж бие нь дээрдсэн ч байнгын эмчийн хяналтад байх шаардлагатай гэдгийг тухайн үед аав П.Сувданхуяг нь хэлж байсан юм.
П.Сувданхуяг хэрэг гарсны дараа манай сайтад хандан ярилцлага өгөхдөө "Би гэрийнхээ хаалгыг дэлгээд харахад л манайд тийм аймшигтай аллага болчихсон байсан. Миний эхнэрийг хөнөөгөөд гэдсэн дэх хүүхдийг минь гаргаад тавьчихсан байсан. Бас миний дөрвөн настай охиныг олон удаа мэс хэрэглэн амийг нь бүрэлгэсэн. Би тийм аймшигтай зүйлийг кинон дээрээс л харж байсан.
Зүв зүгээр сайхан байсан гэр бүлийг ингээд л хэн нь мэдэгдэхгүй нэг хүн байхгүй болгочихлоо.
Би одоо охиныхоо төлөө л явна. Гурван настай охин маань үхээд сэхлээ. Маш хүнд хагалгааг дааж давж гарлаа. Гэхдээ хүүхэд маань мөдхөн буцаад эрүүл болоод босоод ирнэ гэж байхгүй шүү дээ.
Би талийгаач охиныхоо диваажинд хүрэх замыг нулимсан далай болгомооргүй байна. Одоо надад өмгөөлөгч л хэрэгтэй байна. Өмгөөлөгч аваад тэр алуурчинд би өгөх ёстой ялын дээд хэмжээг өгтөл нь явна. Надад одоо бууж өгөх эрх байхгүй. Би эцсээ хүртэл явна" хэмээн ярьж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.114.29
Болдог бол шууд буудчих юмсан
Хариулах