Эрүүгийн хуулийн 13.14 “Худал мэдээлэл тараах” заалт зөвхөн хэвлэл мэдээлэлд биш, иргэн бүрт үйлчилнэ гэдгийг ойлгоосой

Zuv.mn
1 цаг 36 минутын өмнө

Нэр бүхий сэтгүүлч, хуульчдаас Цэцэд хандан “Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Үндсэн хууль зөрчсөн” гэсэн мэдээлэл гаргасныг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн шалгаад хүлээн зөвшөөрч, “Эрүүгийн хуулийн дээрх зүйл Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… эрх чөлөө, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “… үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх … эрх чөлөөтэй”, мөн зүйлийн 17 дахь заалтын “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчсөн хэмээн дүгнэсэн билээ.

Цэцийн шийдвэрийг УИХ хүлээн авч тогтоол гаргаснаар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалтыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн. Ингэснээр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт хариуцлага тооцох тухай заалт хүчингүй болж, холбогдох эрх зүйн харилцааг Үндсэн хуульд нийцүүлэн шинээр томъёолох шаардлага үүсээд буй.

Худал мэдээлэл түгээх, гүтгэх нь мэдээж үр дагавартай. Тэр утгаар хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурьтай хэсэг нийгэмд үргэлж байдаг. Гэвч Эрүүгийн хуулийн зүйл заалтаар хариуцлага тооцох нь арчиллын гол үнэт зүйсийн нэг болох хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилдог буюу алдах зүйл илүү учир Эрүүгийн хуулиар шийтгэл ногдуулах практик хөгжингүй улс орнуудад байдаггүй юм.    

Энэ утгаараа Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт нь манай улсыг олон улсад сөрөгөөр сурталчиж ирсэн бөгөөд НҮБ-аас “Иргэдийн жам ёсны эрхийг зөрчиж, айдас хүйдэст автуулж байсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулиас авах” зөвлөмжийг өгч байв.

Тэгэхээр, ҮХЦ-ийн 2025 оны 10 дугаар дүгнэлт, УИХ-ын мөн оны 123 дугаар тогтоол нь Монгол Улс иргэдийнхээ үг  хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалж, Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн хэрэг болох бөгөөд энэ ололтоосоо няцсан хэрэг болох юм. Бүр тодруулж хэлбэл, “Худал мэдээлэл тараах” хэрэг нь зөвхөн хэвлэл мэдээлэлд хамаатай заалт  биш бөгөөд иргэн бүр хэзээ нэгэн цагт өөр дээр нь хэрэгжих боломжтой гэж харах нь зөв юм.   

Түүнчлэн, үнэхээр худал мэдээлэл тараасан, түүний улмаас үр дагавар гарсан бол тодорхой хариуцлага тооцох заалтыг Зөрчлийн хуульд оруулж өгөх нь нэг гаргалгаа мөн юм.       

 Эцэст нь, ҮХЦ-д мэдээлэл гаргасан сэтгүүлч, өмгөөлөгчдийн тухайн үед илэрхийлж байсан байр суурийг эргэн сануулъя.  

Ж.Баттуулын өмгөөлөгч Д.Оросоо: "Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө Эрүүгийн хуулиар шалгагдаж байна. Хулгай, дээрэм хийсэнтэй адилхан шалгагдаж байна. Үндсэн хуульд "Хүнийг үзэл бодол, итгэл үнэмшлийнх нь төлөө яллаж болохгүй" гэсэн заалт бий. Тиймээс Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт Үндсэн хуультай харшилж байна. Эрүүгийн хуульд "гүтгэх" гэдэг заалт байсан.

2020 онд шинэ төрлийн гэмт хэрэг болгож, "худал мэдээлэл тараах" гэдэг үг оруулж ирсэн. Гүтгэх заалтаас гэмт хэргийн агуулга, хүрээгээрээ шинэ хэв шинжтэй байна. Тиймээс хүний эрхийг зөрчсөн. Худал мэдээлэлтэй тэмцэхийн тулд үг хэлэх эрхийг хязгаарласан. Иргэний хуулийн 21.1 дээр давхардал үүсгэсэн. Улстөрчид иргэний хэргээр явах уу, эрүүгийн хуулиар явах гэдгээ шийддэг. Тэгээд сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар шалгуулахаар өгч, дансыг хүртэл шалгуулдаг болчихсон. 2020 онд 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн"

 

Мэдээлэл гаргагч, иргэн Э.Хүрэлбаатар: "20 гаруй жил сэтгүүлчээр ажиллаж, редакц толгойлохдоо олон удаа хууль хяналтын байгууллагад дуудагдаж байна. Редакциараа дуудагдах ч тохиолдол гарсан. Энэ хүнийг буюу хэвлэл мэдээллийнхнийг залхаан цээрлүүлье гэсэн ганц зорилготой. Маш олон сэтгүүлч эрэн сурвалжлах сэтгүүлчээр ажиллахаас татгалзаж байна. 4000 гаруй хүнээс 20 гаруйхан эрэн сурвалжлах сэтгүүлч байна"




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна