Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор суррон, скүүтер, мопедын замбараагүй хэрэглээ, осол аваарыг бууруулах үүднээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шат дараатай ажлуудыг хийж байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг явган хүний замаар скүүтер, мопед явуулахгүй байх зохицуулалтыг эхлүүлээд байна. Учир нь энэ төрлийн тээврийн хэрэгсэлтэй осол гаргаж гэмтэж бэртэх, осол аваар гаргаж бусдыг гэмтээх тохиолдол эрс нэмэгдээд буй.
Иймд эхний ээлжид Их тойруу, бага тойруу орчмын 86 байршилд 185 алба хаагч, олон нийтийн цагдааг ажиллуулж “Нөлөөлье, чөлөөлье” аяныг хэрэгжүүлэн хяналт тавьж байна. Тэгвэл олон нийтийн цагдаагийн шаардлагыг скүүтер, мопедтой иргэд үл ойшоох, уурлах зэрэг хүндрэлүүд гарсаар байна. Харин явган зорчигчдын хувьд явган хүний замыг чөлөөлж, иргэдийг бэртэж гэмтэхээс сэргийлэх нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсээр байна.
Энхтайваны гүүрнээс Төв номын сангийн хооронд явган хүний гарцтай ойролцоо дөрвөн байршилд 4-5 олон нийтийн цагдаа ажиллаж байна. Дээрх байршил хамгийн их явган зорчигчтой хэсэг учраас олон нийтийн цагдаа нар зогсоо, зайгүй скүүтер, мопедтой иргэдэд зөвлөмж хүргэж аж. Олон нийтийн цагдаа нараас тавьж хяналттай холбоотойгоор тодруулсан юм.
Олон нийтийн цагдаа Н.Мэндсайхан: Скүүтер болон мопедтой иргэдийг явган хүний зам дээр явж байгаа тохиолдолд дугуйн замаар явах, гарцаар буугаад түрээд явахыг зөвлөдөг. Гэвч ихэнх нь чихэвчтэй тул хэлж байгаа үгийг сонсохгүй. Аргаа бараад очоод мөрөнд нь хүрээд хэлэх гэхээр “Биед хүрлээ” гээд дургүйцдэг. Ахлах ангийн бололтой сурагчид бол ихэвчлэн хоёулаа сундалж явна.Ингэж явах аюултай тул нэгээрээ явахыг сануулахаар “За” гээд тав алхаад л сундлаад явчих жишээний. Зарим нь уриалгахан хүлээж авах хүн ч байна. Ер нь хүлээж авах хүн ховор. Ихэвчлэн чамд ямар хамаатай юм гэсэн байдлаар хүлээж авч байна.
Олон нийтийн цагдаа Б.Солонго: Бид зохих зөвлөмжийг хүргэж байгаа хэдий ч хүмүүс ихэнхдээ л бухимдангуй хүлээж авдаг. Та дугуйн замаараа зорчоорой, байхгүй бол авто замын баруун талаар зорчоорой гээд хэлэхээр ундууцдаг. Нэгэнт л бид нийслэлд хотод амьдарч байгаа бол дүрэм журмаа дагаад, явган зорчигчдоо ч гэсэн хүндлээд сурчихвал аяндаа цэгцэрнэ гэж боддог.
Явган зорчигч 1: Явган хүний замаар тайван ч явж чадахаа байсан. Скүүтер мопед дуугүй ч юм. Хэзээ, хаанаас гарч ирээд мөргөчих бол гэж санаа зовоод байнга л эргэж хардаг болсон. Үйлчилгээ үзүүлж байгаа газрууд нь тоо томшгүй ихээр явган хүний зам дээр авчраад өрчих юм. Ёстой гудмаар ч алхаж чадахаа байсан.
Явган зорчигч 2: Ихэвчлэн хүүхдүүд скүүтер, мопедыг унаж байна. Бүгд чихэвчтэй. Хичээлээсээ хоцрох гэдэг юм уу ухаан жолоогүй яаруу явна. Хүүхдүүд ч одоо юугаа мэдэхэв. Эцэг, эхчүүд л хүүхдүүддээ эрсдэлтэй унаа гэдгийг ойлгуулж хэлэх хэрэгтэй. Өөрөө биш юмаа гэхэд өрөөлийг хүнд гэмтээчихвэл яана. Үнэхээр замбараагүй хэрэглэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна