Сүхбаатар дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт олон хууль дүрэм зөрчин хоёр орон сууцны голд “Авзага трэйд” ХХК барилга барьжээ. Тус барилгыг 10 гаран жилийн өмнө барьж эхэлсэн ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч одоогоор үйл ажиллагааг нь зогсонги байдалтай байна.
Барилга хоорондын зай зөрчсөн, мөн сургуулийн хашаа руу 2 метр газар түрж орсон, Улаанбаатар хотын үерийн усны шугам хоолой дээр баригдсан гээд олон хууль дүрмийг зөрчсөн энэхүү балгасаас үүдэн хоёр орон сууцанд цууралт өгчээ.
Тус асуудалтай холбогдуулан бид оршин суугч иргэдээс мэдээллийг бэлтгэн хүргэлээ.
"Хэзээ дээрээс юм нуураад ороод ирэх бол гэсэн айдастай амьдарч байна"
Оршин суугч А: “Энэ барилга харагдаж байгаа шигээ балгас чиглэлээр 10 гаран жил болж байна. Энэ барилга гурван том хууль зөрчсөн. Нэгдүгээрт барилга хоорондын зай зөрчсөн. Хоёрын хоёр орон сууцыг налаад барьчихсан. Энэ балгасаас болж орон сууцнуудад цууралт өгсөн.
Хоёрдугаарт зургаадугаар сургуулийн хашаа руу хоёр метр түрээд орчихсон. Энэ асуудлыг хөндөж бид явсан. 1700 хүний гарын үсэгтэй шаардах бичгийг Боловсролын яаманд өгч байсан. Гэтэл бидэнд ямар нэг хариу ирээгүй.
Гуравдугаарт Улаанбаатар хотын үерийн усны хоолойн дээр баригдсан. Энэ Сүхбаатарын талбайгаас наашаа явсан Сүхбаатар дүүргийн 3,4,5-р хорооны нутаг дэвсгэрээр дайрсан хоолой. Энэ хоолойн дээр барилга барих нь битгий хэл хуулиндаа энэ хоолойны гаднаас 10 метрийн зайтай барилга байгууламж барина гэж заасан байдаг. Эдгээр гурван хуулийг зөрчсөн байхад он удаан жил нураагдахгүй байсаар байна. Хавар болохоор барилгаа барих гээд шууд дайраад л хүрээд ирдэг.
Нийслэлийн захирагч Х.Нямбаатараа энэ барилгыг нураагаад өгөөч ээ. Бид хавар болохоор л айдастай байна. Сургуулийн хашаа руу хоёр метр түрээд орсон энэ барилгын үйл ажиллагаа эхлээд, барилга дээрээс ямар нэгэн юм унаж, хэн нэгэн гэмтвэл хэн хариуцлага хүлээх вэ. Хор уршиг нь маш өндөр шүү дээ. Үүнийг буулгахыг шаардаж байна.
"Ямар том эрх мэдэлтэй хүн 10 гаран жил болсон балгасыг нураалгахгүй байлгаад
байдгийг ойлгохгүй байна"
Оршин суугч С: “Энэ балгасаар дамжиж манайх руу хулгай орсон. Дээрээс нь энэ төмөр, кран шат нь эхнээсээ зэврээд эхэлсэн. Хэзээ ч хамаагүй наашаа нураад ороод ирэх вий гээд өдөр болгон айдастай явж байна. Энэ барилгаас хэзээ нэг арматурын төмөр салж унахыг бид хэлж мэдэхгүй.
Нүдэн дээр эрсдэл нь харагдаж байхад яагаад нураахгүй байгаа юм бэ. Ямар ч балай хүн ирээд харсан аюулын буюу эрсдэлийн түвшин өндөртэй байгаад байгаа юм. Энэ асуудал дээр яагаад анхаарахгүй байгаа юм бэ. Энэ барилгаа нураагаад өгөөч ээ. Бид олон жил тэмцлээ. Холбогдох бүх байгууллагад нь хандсан ч өнөөдрийг хүртэл ямар ч хариу алга. Ямар том эрх мэдэлтэй хүн үүнийг нураалгахгүй ингээд байлгаад байдгийг ойлгохгүй байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна