З.Боргилмаа: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг бүр мөсөн хасах ёстой

Т.Отгонсувд
2 цаг 0 минутын өмнө

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу худал мэдээлэл тараах заалтын талаар УИХ-ын байнгын хорооны хурлаар хэлэлцэгдэж буй энэ үед МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаагаас тодрууллаа. 

МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа "Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу худал мэдээлэл тараах заалтыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн дагуу хасах ёстой. Гэвч ажлын хэсэг агуулгыг нь өөрчлөн "гүтгэх" нэрээр дахин оруулахыг оролдож байгааг эсэргүүцэж байна.

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь 2020-2025 оны хооронд хэрэгжихдээ иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг зөрчиж байна гэх гомдлыг сэтгүүлчид болон хуульчид Үндсэн хуулийн цэцэд гаргасан байдаг. Ингэснээр Цэцээс энэ заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэснийг УИХ 2025 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хүлээн авсан. Энэ асуудалтай холбоотой УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, Эрүүгийн хуулийг Цэцийн дүгнэлтэд нийцүүлэхээр ажиллаж эхэлсэн.

Ажлын хэсэг Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хасах хэдий ч бусдын нэр төрийг хамгаалах зохицуулалтыг "гүтгэх" гэмт хэрэг болгон дахин томьёолж оруулж ирэхээр төсөлд тусгасан байна. Төслийг ажлын хэсгийн гишүүдийн олонх нь дэмжсэн бөгөөд байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. 

Энэ өөрчлөлт нь хэвлэл мэдээллийн салбарынхныг ажлаа хийх боломжгүй болгож, айдас хүйдэст автуулах эрсдэлтэй. Бусдын нэр төрийг хүндэтгэх нь зүй ёсны хэрэг боловч үүнийг Эрүүгийн хуулиар зохицуулах нь сэтгүүлчдийг цагдаагийн байгууллагад байнга дуудагдах, 1-3 жилийн хугацаанд шалгагдах, таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах, цаашлаад хоригдох хүртэл нөхцөл байдалд хүргэдэг. Шүүхээр шийдэгдэж байгаа хэрэг бага ч гэлээ, цагдаагийн байгууллагад албан тушаалтнуудаас ирүүлсэн гомдлын дагуу сэтгүүлчдийг шалгах үйл явц давамгайлж байна. Энэ нь хараат бус, чөлөөт хэвлэлийн эрэн сурвалжлах, хяналт тавих үүргийг боомилж байна.

Хэвлэл мэдээллийн салбарынхан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг Цэцийн дүгнэлтэд нийцүүлэн бүрмөсөн хасах ёстой гэсэн нэгдмэл байр суурьтай байгаа. Хэрвээ хууль тогтоогчид "гүтгэх" гэмт хэргийг хуульчлах шаардлагатай гэж үзвэл Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу нарийвчилсан судалгаа хийж, олон нийтээр хэлэлцүүлэн, цоо шинээр ажлын хэсэг байгуулж ажиллах ёстой. Үндсэн хууль зөрчсөн гэж хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж оруулах нь хууль зүйн хувьд зөрчилтэй. Цэцийн гишүүн шууд хүчингүй болгох боломжтой" гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна