IMC-ийн Олон улсын комисс Монгол улсад ажиллаж, IMC 2026 олимпиадын бэлтгэл ажлыг бататгалаа

Х.Есү
46 минутын өмнө

IMC Олон улсын математикийн олимпиадын хорооны ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүд Монгол улсад ажиллаж, IMC-2026 Mongolia олимпиадын бэлтгэл ажилтай танилцлаа. Энэ хүрээнд IMC-2026 Mongolia олимпиадын зохион байгуулах багтай уулзаж, арга туршлагаа хуваалцав.

Айлчлалын хугацаанд комиссын гишүүд олимпиадын ерөнхий төлөвлөгөөг нарийвчлан хэлэлцэж арга хэмжээний хөтөлбөр, оролцогчдын байрлах байр, тэмцээн явагдах танхим, зочдыг угтан авах үйлчилгээ болон логистикийн нэгдсэн төлөвлөгөөтэй биечлэн танилцаж, бэлтгэл ажлыг албан ёсоор бататгасан юм.

Комиссын бүрэлдэхүүн олимпиадын гол талбар болох Налайх дүүрэг дэх Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (GMIT)-ийн кампус болон нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдах талбайд ажиллаж, олон улсын стандарт, аюулгүй байдлын шаардлагын дагуу мэргэжлийн зөвлөмжүүдийг өгөв. Мөн талууд Монгол Улсын Боловсролын яамны удирдлагуудтай уулзалт хийж, Монголын боловсролын систем дэх шинэчлэлийн талаар санал солилцсоноос гадна олон улсын томоохон тэмцээн уралдааныг зохион байгуулах арга техник, стратегийн мэдлэгээ хуваалцлаа.

Түүнчлэн зочдод Монгол түмний түүх, өв соёлыг гүнзгий таниулах зорилгоор "Чингис хаан" үндэсний музейг үзүүлж, нүүдэлчдийн төрт ёсны эртний уламжлалыг сурталчилсан нь олон улсын төлөөлөгчдийн талархлыг ихэд хүлээсэн онцлох үйл явдал болов. Ийнхүү 2026 оны 7 дугаар сарын 22-ноос 27-ны өдрүүдэд зохион байгуулагдах IMC олимпиадын бэлтгэл ажил олон улсын хяналт дор амжилттай үргэлжилж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна