Өргөтгөсөн худалдааны зургаан цэгт 15.3 тонн мах борлуулж байна

Х.Есү
57 минутын өмнө

Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 6 цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр 12 цагаас эхлэх гэж байна.

Одоогийн байдлаар “Чойбалсан групп” ХХК, “Багануур мах маркет” ХХК, “Агро нэгтгэл трейд” ХХК гэсэн гурван компанийн үйлдвэрээс нийт 15.3 тонн нөөцийн мах дээрх цэгүүдэд хүргэгджээ. 

Худалдан авагчдад нэг удаа 3 хүртэлх уут мах буюу савлагаанаасаа шалтгаалж 4,5-6 кг хүртэлх мах борлуулж байгаа бөгөөд мах худалдан авсан иргэдэд төлбөрийн баримт хэвлэн өгч байна.

Нөөцийн мах борлуулж буй гэрээт компаниудад тогтмол хяналт тавьж, агуулахаас ачсан тээврийн хэрэгсэлд лац тавин борлуулах цэгүүдэд хүргэгдэн ирсэн. Махны нийлүүлэлтийг жигд, хүртээмжтэй байлгах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, төвийн зургаан дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс болон цагдаагийн албан хаагчид хамтран хяналт тавин ажиллаж байгаа юм.

Нөөцийн махны борлуулалт, зохион байгуулалтад иргэдийн зүгээс таатай хандаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна