Шүүмжлэл дагуулсан С.Лүндэгийн томилгоо

Zuv.mn
1 цаг 4 минутын өмнө

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тус байнгын хорооны харъяа Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Лүндэгийг томилсон. Тэгвэл энэ томилгоо хийгдсэн даруйдаа олон нийтийн шүүмжлэлийг дагуулж эхэллээ.

Тусгай хяналтын дэд хороо бол  Монгол Улсад үндэсний аюулгүй байдлыг хангах /Тагнуул, Зэвсэгт хүчин/, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор хууль сахиулах болон мөрдөн шалгах, ял эдлүүлэх чиг үүрэг бүхий байгууллагуудаас явуулж буй гүйцэтгэх ажил /мөрдөн шалгах нууц ажиллагаа/ хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих чиг үүрэгтэй бүтэц, Дээрх ажиллагаа нь тодорхой зардалтай тэр нь нууц байдаг тул асуудлуудтай танилцах эрхтэй гэдэг утгаараа дээрх байгууллагуудын төсвийг ч мэддэг том эрх мэдэлтэй.

Парламент бол ард түмэн. Тэр утгаараа дээр дурдагдсан онцгой эрхтэй байгууллагуудын гүйцэтгэх ажиллаагаа хууль, журмын дагуу явагдаж байна уу гэдэгт хяналт тавих үүрэгтэй бүтэц байгуулсан нь Тусгай хяналтын дэд хороо.

С.Лүндэгээс өмнө Тусгай хяналтын дэд хороог удирдаж байсан Б.Энхбаяр тус хорооны гишүүнээр орж ирэхдээ "Гүйцэтгэх ажил хийх эрх бүхий субъектүүдийн гол онцлог нь Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө рүү хуульд заасан арга, хуульд заасан хүрээнд нэвтрэх онцгой бүрэн эрхтэй байдаг. Хүний үндсэн эрх, эрх чөлөөнд хуульд заасан үндэслэл журмаас гадуур халдаж байна уу, үгүй юү гэдэгт хянах тавих асуудал дэд хорооны онцгой чиглэл байх болно" гэж хэлж байсан.

Энэ бол Хүний үндсэн эрх, эрх чөлөөнд хуульд заасан үндэслэл журмаас гадуур халдаж байна уу, үгүй юү гэдэгт хянах тавих асуудал багтаж байгааг харуулах бөгөөд ийм чиг үүргийг улс орны аюулгүй байдлын төлөө, зарим тохиолдолд зорилго нь аргаа зөвтгөнө гэдэг зарчим үйлчлэхээс аргагүй тагнуул, үндэсний аюулгүй байдлын албадын явуулдаг гүйцэтгэх ажиллагаатай хольж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хариуцуулах нь буруу гэсэн байр суурь ч хүчтэй илэрхийлэгддэг. Зарим чиг үүргийг нь салгаж, Хууль зүйн байнгын хорооны чиг үүрэгт оруулах хуулийн төсөл ч санаачлагдсан бөгөөд хэлэлцэх эсэх дээрээ гацсан гэдгийг энд бас дурдахад илүүдэхгүй.  

Товчхондоо, хууль хяналтын байгууллага хуулийн хүрээнд бус, улс төрийн захиалгаар ажиллаж байгаа эсэхийг хянах ганц бүтэц нь Тусгай хяналтын дэд хороо бөгөөд тэр чухал бүтэц рүү УИХ-д эхний удаа сонгогдсон, замналынхаа турш нэг хүнээс хэт хамааралтай алба хашиж байсан С.Лүндэгийг сонгосонд шүүмжлэлийн гол нь төвлөрч байгаа юм.


Тусгай хяналтын дэд хороо нь дарга гишүүдээс бүрддэг. Одоо тус хороонд О.Амгаланбаатар, Д.Ганбат, С.Лүндэг, Дам.Цогтбаатар, Ж.Энхбаяр нар ард түмний нүд чих болж суудаг. Үндсэндээ Ж.Энхбаяр, Дам.Цогтбаатар хоёроос бусад нь маш сул гишүүд гишүүд байгаа бөгөөд муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр Б.Энхбаярын оронд чансаатай гишүүн оруулж ирэхийн оронд С.Лүндэгийг намын шийдвэрээр оруулж ирэн даргаар тавьж байгаа нь дэд хорооны потенциалыг унагасан үйл явдал болсон хэмээн олон нийт шүүмжилж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна