Дээд шүүхийн ерөнхий шүүгч 12 жил ажиллах боломжийг нээх үү

С.Гандэлгэр
1 цаг 32 минутын өмнө

Та шударга бусын хонгил гэх үгийг хэзээ нэгэн цагт ямар нэгэн байдлаар сонссон л байж таараа. Тэгвэл маргааш Монгол Улсын Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа УДШ-ийн Ерөнхий шүүгчийг "Зөвхөн нэг удаа" томилно гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцэслэх юм.

Зургаан жилээр нэг удаа сонгогддог УДШ-ийн хамгийн том албан тушаалтны бүрэн эрхийг дахин зургаан жилээр буюу 12 жил ажиллах боломжийг нээх эсэхийг хэлэлцэж байна.

Тэгвэл яагаад улираан сонгогдох нь буруу вэ ?

УДШ-ийн ерөнхий шүүгч дахин томилогдох боломжтой байсан тохиолдолд улиран томилогдохын тулд улс төрд нөлөөтэй бөгөөд өөрийг нь томилж өгөх "эзэн" хайж эхэлдэг байна. Улмаар тухайн улс төрчдөө үнэнч байж таалагдах гэж ажиллаж эхэлдэг гэх агуулга улс төрийн хүрээнд яригддаг. Үүний улмаас хараат бус, бие даасан, хууль дээдлэх гэх мэт Үндсэн хуулийн амин сүнс болсон чухал зарчмууд хойш тавигдаж, дараагийн томилгоонд нөлөө бүхий фракц, бүлэглэл, албан тушаалтанд үйлчлэх магадлалтай байх нь.

Үндсэндээ хуулийн ажлыг хүнд зориулж хийгээд эхлэхээр нөгөө шүүмжлэл дагуулаад байгаа хонгил гэдэг зүйл нь бий болчихно гэсэн үг. Тиймдээ ч үүнийг хазаарлахын тулд Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулж ганцхан удаа хэмээн тодорхой зааж, улиран сонгогдох асуудлыг хазаарласан юм. Дахин томилогдох боломжгүй болгосноор тухайн шүүгч бүрэн эрхийнхээ хугацаанд шударга ажиллана гэсэн үг.

Тэртээх 2016 онд УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийн үед яг л энэ маргаан ҮХЦ дээр гарч шүүхийн тухай хууль, тодруулбал УДШ-ийн Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа томилох заалт үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гарч байсан юм. Энэ нь Үндсэн хуулийн цэц энэ удаад ч өмнөх дүгнэлтээ хамгаалах магадлал маш өндөр гэсэн үг.

Өөрөөр хэлбэл өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын томилж байсан Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ганзориг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үед дахин зургаан жилээр бүрэн эрхээ сунгуулах магадлалтай гэсэн үг. Түүний бүрэн эрхийн хугацаа ирэх сарын 2-нд дуусна.

Тэгэхээр одоо нэг л асуулт үлдэж байна. Д.Ганзориг шүүгчийг улирч ажиллахыг Ерөнхийлөгч зөвшөөрөх үү. Тийм тохироо хийгдсэн үү. Хэрвээ урьдчилж тохироогүй бол бөөн юм болж, өөрийнхөө өмнөөс гомдол гаргуулан барин ҮХЦ-д хүртэл маргаан гаргах хэрэг байхгүй л байлтай.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна