Бурхан багшийн Их Дүйчин өдөр 2026 оны 5 дугаар сарын 31-нд буюу энэ долоо хоногийн Ням гаригт тохиож буй юм. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар энэ өдрийг зуны тэргүүн сарын 15-нд тэмдэглэхээр болж, хуульчилсан.
Бурхан багшийн Их Дүйчин өдрийг эв нэгдэл, энэрэл нигүүлсэл, сэтгэлийн хөгжил, өв соёлоо эрхэмлэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жилийн тухайд Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Арга хэмжээний үеэр Урлаг соёлын тоглолт, Хөгжимт бясалгал, Випашяна бясалгал зэрэг соёлын арга хэмжээ болох бөгөөд шашны зүтгэлтнүүдийн лекцийг сонсож, “Баярын жагсаал”-д оролцох боломжтой юм.
Энэ жилийн Их дүйчэн өдөр онцгой ач холбогдолтой болж буй нь Бурхан багшийн хоёр манлай шавь болох билгүүний дээд Шаарийбуу, хувилгааны дээд Монголжийбуу нарын ариун ринсэлийг анх удаа Энэтхэг улсаас Монгол Улсад залж буй түүхэн үйл явдалтай давхцаж байгаад оршино.Ринсэл нь гэгээрсэн хутагт хувилгаадын ариун үлдэц бөгөөд сүсэглэн мөргөсөн хүмүүний буян хишгийг арвижуулж, амар амгалан, сайн сайхны ерөөлийг дагуулдаг хэмээн буддын шашинд үздэг.
Жил бүр Монголчууд Бурхан багшийн Их Дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны бэлэгт сайн өдөр буян номын үйлийг ихээр дэлгэрүүлэн, сүсэгтэн олныг хамтруулан уламжлал болгон Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд бусад Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн сүм, хийдүүд төрийн бус болон сайн дурын байгууллагын оролцоотой дор бүрнээ өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн.
2013 оноос эхлэн бурхны шашныг дэлгэрүүлэгч, дэмжигч, байгууллага, клуб, иргэдийн санаачилгаар Бурханы шашинтны наадам болгон зарлаж Гандантэгчэнлин хийд дээр төвлөрөн уламжлалт үйл ажиллагаанаас гадна хийдийг тойрон гороолох парад буюу жагсаал, хүүхэд залууст зориулсан жүжигчилсэн тоглолт зэрэг залуусыг хамарсан орчин үеийн чиг хандлагатай үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн.
Бурхан багшийн Их Дүйчин өдөр бурхан багшийн лагшин мэндэлж, төгс гэгээрлийн хутгийг олж, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчин өдрөөс онцлогтой.
Сануулахад, 2019 онд УИХ-ын нэр бүхий гишүүд Бурхан багшийн Их Дүйчин өдрөөр бүх нийтээр амардаг байх хуулийн төслийг санаачлан, УИХ-д өргөн мэдүүлснээр батлагдсан түүхтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна