Засгийн газар загасны ой санамжтай байна. Учир нь хэдхэн сарын өмнө батлуулсан НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх хуулийн заалтаа хүчингүй болгох хуулийн төсөл өргөн бариад байна.
Тодруулбал Г.Занданшатарын Засгийн газар Иргэдийн татварын дарамтыг бууруулах зорилгоор 2026 оны Улсын төсвийг дагалдуулан НӨАТ-ын тухай хууль буюу НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн барьж батлуулж байв.
Гэтэл шинээр байгуулагдсан Н.Учралын Засгийн газар хэдхэн сарын дараа Төсвийн хүрээний мэдэгдлийг дагалдуулан НӨАТ-ын тухай хууль бүр тодруулбал 2025 оны 11 сард батлагдсан
0-500,000 хүртэлх төгрөгийн худалдан авалтад төлсөн татварын 100 хувийг, 500,001-1,000,000 хүртэлх төгрөгийн худалдан авалтад төлсөн татварын 50 хувийг, 1,000,001 төгрөгөөс дээш худалдан авалтад төлсөн татварын 20 хувийг гэх заалтыг хүчингүйд тооцож, эргээд 20 хувь болгох хууль хэлэлцэгдэж байна.
Ердөө хагас жилийн дараа Монгол Улсын Засгийн газар өргөн барьсан хуулиасаа буцаж, УИХ-аар хэлэлцүүлж байна гэсэн үг. Ерөнхий сайд асан Г.Занданшатар НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгох асуудлыг олон жил ярьж, чамгүй PR хийсээр ирсэн ч ийн Н.Учралын Засгийн газрын үед уг хууль унах бололтой. Гэхдээ энэ бол Г.Занданшатарын заалт биш нийгмийн шаардлага байсан. Учир нь D-Petition флатформд НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэхийг дэмжсэн 100 мянган иргэний гарын үсэг цуглаж, УИХ-аар хэлэлцэгдэж байв. Магадгүй үүнээс ч олон иргэний гарын үсэг цуглах байсан биз.
Эндээс Монгол Улсын Засгийн газар бодлогын залгамж халаагүй, загасны ой санамжтай байгааг харж болно. Монгол төрийн бодлого тооцоо судалгаатай, залгамж халаатай, тогтвортой байх ёстой. Гэтэл мэргэжлийн яамд нь Г.Занданшатарыг хархаараа болно бүтнэ хамгийн зөв гээд ярьдаг. Явахад нь болохгүй бүтэхгүй, улс орны эдийн засаг хүндэрнэ гэж ярих нь зохимжгүй.
Мэдээж НӨАТ бол улсын төсөв бүрдүүлэгч томоохон татваруудын нэг. Буцаан олголтыг 5 хувь болгож нэмэгдүүлбэл төсвийн орлого 1.8 их наяд төгрөгөөр тасарна хэмээн нэг талаас тайлбарлаж байгаа. Нөгөө талд богино хугацаанд төсвийн орлого буурах ч, урт хугацаандаа далд эдийн засаг хумигдаж, татварын бааз нэмэгдэх сайн талтай гэх өнцөг бий.
Өнөөдрийн уушги уу, маргаашийн өөх үү. Хэрхэхийг УИХ шийдэх биз.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна