Үндсэн хуулийн цэц улстөрчид биш, иргэд эрхээ хамгаалуулахаар ханддаг олны хөлийн газар байх ёстой

Zuv.mn
13 цаг 47 минутын өмнө

-Улс төрийн асуудал их орж ирж байгаа нь улстөрчдөд асуудал байна гэсэн үг-

Үндсэн хуулийн цэц улстөрчдөд үйлчилдэг, улс төрийн маргаан тасалдаг газар боллоо гэсэн шүүмжлэл их гарч байгаа билээ. ҮХЦ-ийн 2026 оны 02 дугаар тогтоол "Үндсэн хуулийн цэц хэн нэгэнд УИХ-ын гишүүдийг хэргээр хугацаагүй барьцаалах боломжийг баталгаажууллаа" гэсэн асуудал ид яригдаж, энэ шийдвэр нь гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн эрхзүйн байдлыг дордуулсан гэдэг шүүмжлэл гарч байна.  

Аль ч улс оронд “Хууль чухал уу, нийгмийн эрх ашиг чухал уу” гэдэг асуултад хариулт өгөх цаг тулгардаг. Тэгвэл энэ асуултад хариулт өгөх эцсийн субъект нь Үндсэн хуулийн шүүх /Манайд Үндсэн хуулийн цэц/ бөгөөд шийдвэр гаргахдаа нийгмийн эрх ашгийг эрхэмлэхийг эрмэлздэг байна. 

Хууль мөрдөж ажилладаг Парламент, Засгийн газар мухардалд орсон тохиолдолд гагцхүү Үндсэн хуулийн шүүх асуудлыг шийдвэрлэх эцсийн цэгийг тавьдаг. Ингэхдээ гаргасан шийдвэр нь нийгмийн чиг баримжаатай буюу Үндсэн хуульд заасан хүний эрхийн тухай заалтуудыг хангасан байх ёстой байдаг аж. 

Манай улс өрх толгойлсон ганц бие аав “Өрх толгойлсон эхэд олгох хүүхэд асарсны тэтгэмж” нь хүйсээр ялгаварлан гадуурхсан эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж, Цэц “Ялгаварлан гадуурхсан байна” гэсэн дүгнэлт гаргасан. Улмаар хуульд “Өрх толгойлсон эх” гэж байсныг “Өрх толгойлсон эх, эцэг” болгож өөрчилсөн нь манайд энэ зөв зүйтэй жишиг тогтож эхэлж байгаагийн жишээ болсон. 

Гэхдээ хууль тогтоомжуудад байгаа Үндсэн хуульд заасан хүний баталгаатай эдлэх 18 эрхийг зөрчсөн заалтуудыг засаж залруулах, /ялангуяа хөдөлмөрийн харилцаа, шүүх эрх мэдэл, хэрэг хянан шийдвэрлэх үйл явцад гарч байгаа/ хүний эрх зөрчигдсөн кэйсүүдэд дүгнэлт хийж, холбогдох хуульд өөрчлөлт оруулах ажлыг илүү эрч далайцтай явуулмаар байна. Дүүгээ бусдад зэрлэгээр хөнөөлгөсөн иргэний гомдлыг хэлэлцэлгүй, хүн амины хэргийн шүүх хурлыг ч хийлгүй зургаан жил дарж, 25 удаа нээж хаасан тохиолдол байгаа талаар хохирогч иргэн хэвлэлд ярилцлага өгсөн нь нийгмийг цочроогоод байна. Хувь иргэнийг хууль тогтоомж, журмуудын “махны машин”-д оруулж хохироодог энэ мэт явдлыг эцэслэхийн тулд Үндсэн хуулийн цэц завгүй ажиллах ёстой. Гадны улсуудад ийм л байдаг.

Жишээ нь, БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх жилд хэдэн мянган хэргийг хэлэлцэж шийдвэр гаргадаг ч иргэдийн дунд Парламент, Засгийн газар, хууль хэрэгжүүлэх болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагаас ч илүү нэр хүндтэй байдаг. Сайны жишээ болон магтагдаж байгаа нь ердөө л нийгмийн эрх ашгийг хамгаалах талд бат зогсч чадсаных гэдэг юм билээ.

Хуулийг эрх баригчид баталдаг ч нийгмийн буюу олон нийтийн нийтлэг эрх ашиг түүнээс дээр тавигддаг юм гэдэг зарчим баримталж, чухал асуудлаар шийдвэр гаргахдаа энэ зарчмыг мөрдөж чаддаг нь нэр хүндийг нь өнөөдрийн хэмжээнд хүргэжээ.

БНСУ-д Үндсэн хуулийн шүүх 1988 онд, Чон Ду Хваны дарангуйллын дэглэм нурж, улс оронд ардчилсан өөрчлөн байгуулалт хийгдэх /Зургадугаар бүгд найрамдах улсыг байгуулах/ үед байгуулагджээ.

Бүтцийн хувьд, Үндсэн хуулийн шүүх нь есөн гишүүнтэй. Гишүүдийг Ерөнхийлөгч батламжилдаг /Гурвыг нь Дээд шүүхийн зөвлөл, Үндэсний их хурал, үлдсэн гурвыг нь Ерөнхийлөгч санал болгодог/.

Өмнө нь Үндсэн хуулийн хэрэгжилтийг хянах бүтэц байсан ч цэвэр бэлгэдлийн шинж чанартай байж. Харин шинэчлэн зохион байгуулагдсанаасаа хойш ард иргэдийн дэмжлэгийг асар хурдан олж авсан түүхтэй. Иргэдийг цэцэд хандаж, эрхээ хамгаалуулах боломжийг хангаж чадсан, гомдол гаргах, шийдвэр гаргах процесс нь маш хурдан байдаг нь ингэж дэмжлэг авахад нөлөөлсөн гол хүчин зүйл гэж үздэг байна. Дагаж мөрдөх зарчим нь нэг, түүнийгээ яс дагаж мөрддөг учир шийдвэр гаргахад хугацаа бага шаарддаг. Анх байгуулагдсан жилээ 425 гомдол хүлээн авч шийдвэрлэсэн бол 2010 онд 1780 гомдол, байгуулагдсанаасаа хойших 20 жилд 21 000 өргөдөл гомдол ирсний 20 000-ыг нь хэлэлцэн шийдвэрлэжээ. Мөн эрх баригчдын баталсан хууль Үндсэн хуульд харшилсныг 650 удаа, эрх баригчдын үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөнийг 350 гаруй удаа тогтоож байсан гэсэн статистик байна /2010 оны байдлаар/.

БНСУ түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчөө огцруулсан түүхэн үйл явдал 2017 онд гарсныг уншигчид мэдэж байгаа. Тухайн үед Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгчийг огцруулах эцсийн шийдийг гаргасан. Хуулиараа бол Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг Ерөнхийлөгч батламжилдаг. Энэ байгууллагад нөлөөлөх боломж өндөртэй субъект гэдгийг дээр өгүүлсэн. Тиймээс цэц энэ асуудлаар өөр шийдвэр гаргах магадлал байсан. Гэвч Пак Гын Хегийн нэр хүнд олон нийтийн дунд хэтэрхий унаж, нийгмийн эрх ашиг зөрчигдөх хэмжээнд тулсан гэдгийг ойлгож, шийдвэрээ гаргасан байдаг.

Пак Гын Хе Япон улстай хэлэлцээр хийхдээ хоёр улсын харилцаанд сэв суулгахуйц түүхийн зарим асуудлыг эргэж сөхөхгүй байх талаар тохиролцоо хийж, эдгээр асуудлын тоонд Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы цэргүүдэд хүчээр үйлчлүүлдэг байсан солонгос эмэгтэйчүүдийн асуудлыг багтаасныг иргэд эрс эсэргүүцэж, зарим иргэн эсэргүүцлээ амьдаараа “зулын гол” болох хэмжээнд тэмцлийн хурц хэлбэрээр илэрхийлсэн эгзэгтэй үл явдлууд тухайн үед өрнөж байсан юм. Цагийн байдал эгзэгтэй ийм цаг үед Үндсэн хуулийн шүүх шийдвэр гаргаснаар уурлаж бухимдсан нийгмийн сэтгэл зүйг хормын дотор баяр тэмдэглэх хэмжээнд алга урвуулахын адил өөрчилсөн түүхтэй.

Өдгөө Парламент, Засгийн газар гээд БНСУ-ын төрийн бүх байгууллагуудаас ард иргэдийн дунд хамгийн өндөр нэр хүндтэй нь Үндсэн хуулийн шүүх. Эрх баригчдын баталсан хуулийн талд биш, ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах чиг баримжааг эрхэм болгосноор ийм амжилтад хүрсэн байна.

БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх нийгмийн эрх ашгийг дээдлэх, хүний эрхийг хангах дээд зэргийн мэдрэмжтэй гэдгийг батлах нэг жишээ нь, “Эрх баригчид аливаа зүй ёсны шийдвэр гаргахаас татгалзах нь Үндсэн хуульд нийцэхгүй” болохыг тогтоосон” шийдвэр явдал юм. Өөрөөр хэлбэл, эрх баригчид ард түмний үндсэн эрхийг хамгаалах хууль тогтоомж гаргахгүй байх, эсхүл хууль тогтоомж нь үндэслэлгүй бөгөөд Үндсэн хуульд нийцээгүй болох нь "тодорхой" болсон тохиолдолд эрх баригчид Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үздэг байна. Энэ бол том ололт.

БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн бас нэгэн том ололт бол “Нийгмийн суурь эрхийг нийгмийн үндсэн асуудал болгоход анхаарал хандуулах” тухай. Энэ нь Үндсэн хууль заагдсан хүний эрхийг хэрэгжүүлэхийг нийгмийн үндсэн асуудал болгох чиглэлд ажиллана гэсэн санаа юм.

БНСУ-ын Үндсэн хуульд нийгмийн буюу хүний үндсэн эрхийн тухай тодорхой заалтууд багтсан байдаг. Үүнд сурч боловсрох эрх /31 дүгээр зүйл/, хөдөлмөрлөх эрх /32 дугаар зүйл/ болон эрүүл орчинд амьдрах эрх /35 дугаар зүйл/ багтана. Нийгмийн үндсэн гол эрх болох хүний нэр төртэйгээр амьдрах эрх нь 34 дүгээр зүйлд тусгагдсан бөгөөд үүнд:

34 дугаар зүйл

Иргэн бүр хүн төрөлхтөнд зохистой хэмжээнд амьдрах эрхтэй. Төр нь нийгмийн аюулгүй байдал, нийгмийн халамжийг дэмжих үүрэг хүлээнэ. Төр нь эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахыг эрмэлзэнэ. Төр нь ахмад настан, залуучуудын эрх ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Төр нь хууль тогтоомжид заасны дагуу тахир дутуу, өндөр настан болон бусад шалтгааны улмаас амьжиргааны чадваргүй болсон иргэдийг хамгаална. Төр гамшгаас урьдчилан сэргийлж, ард түмнийг хохирлоос хамгаалахад чармайна.

гэж заажээ.

Үндсэн хуулийн шүүх дээр дурдсан эрхүүдийг хангахыг эрмэлзэж ажилласнаар жинхэнэ хүнлэг энэрэнгүй, иргэний нийгмийг байгуулна гэж үздэг байна. Энэ үзэл санаагаар Үндсэн хуулийн шүүх өөрийн санаачилгаар шийдвэр гаргаж болдог бөгөөд гаргасан шийдвэр цаашид жишиг болж үлддэг нь бас нэг онцлог. Ажил олгогч эзэд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, зургаан сараас доош хугацаагаар ажилласан ажилтныг халах явдал гардаг байжээ. Үүнтэй холбоотойгоор эдгээр ажилчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Сараар цалинжих замаар зургаан сараас бага хугацаанд ажилласан ажилчид”-ыг шалтгаангүйгээр ажлаас чөлөөлөх нь тэдний хөдөлмөр эрхлэх эрх болон тэгш байдлын зарчмыг зөрчсөн үйлдэл болно хэмээн шийдвэрлэсэн байдаг.

Чухам иймээс Үндсэн хуулийн шүүхийг гишүүд нь өөрсдөө ч ард иргэд ч “Үндэсний” хэмээн тодотгож, “Үндсэн хууль ба суурь эрхийг хамгаалагчдын байр суурийг бататган, бэхжүүлэх БНСУ-ын үндэсний, найдвартай байгууллага” гэхчлэн нэрлэдэг байна. Харин манайд Үндсэн хуулийн цэц жилд хэд хуралдаж хэдэн асуудал шийдвэрлэдэг билээ. Маш цөөхөн. Гэтэл манайх хүний эрх огт зөрчигддөггүй, хэлэлцэх асуудал багатай улс уу гэвэл тийм биш. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд баталгаатай эдлэх эрхүүдийг зааж өгсөн байдаг.

Арван зургадугаар зүйл.

Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

1/амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;

2/эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;

3/хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;

4/ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй;

5/өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;

6/эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно;

7/сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно;

8/соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална;

9/шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;

10/нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно;

11/улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;

12/төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;

13/халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;

14/Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;

15/шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй;

16/итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;

17/төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;

18/улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.

Энэ нийтлэлийн гол агуулга нь ншигч та дээрх эрхүүдийг уншаад, зөрчигдсөн бол Цэцэд гомдол гаргаач ээ гэж л уриалж байгаа юм. Заавал өөрөө эрхээ зөрчүүлээгүй ч гэсэн эрх нь зөрчигдөж яваа бусдад тус болж өмнөөс нь өргөдөл өгөх юм уу, гарц гаргалгааг нь заагаад өгөөч ээ гэж хуульч өмгөөлөгчдөөс бас гуйж байгаа юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.46
    8 цагийн өмнө

    Хэлэх ч үг алга, цагаа олсон, маш хэрэгтэй, мэдэж авмаар, ашигламаар санал, санаачлага байна. Маш их баярлалаа

    Хариулах