"Цахилгаан скүүтер", "Цахилгаан дугуй"-г зохицуулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцлээ

С.Гандэлгэр
12 цаг 36 минутын өмнө

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүнээс 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.  

Энэ талаарх хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулав.

Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцснийг дурдаад, дараах санал, дүгнэлтийг дэлгэрэнгүй танилцуулсан. Үүнд: 


1.Хуулийн төсөл дэх "Цахилгаан скүүтер", "Цахилгаан дугуй", "Хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл" гэсэн нэр томьёог хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцод нийцүүлэх хүрээнд "мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл" гэж өөрчлөх;

2.Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг 18 нас хүрсэн хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохоор;

3.Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тээврийн хэрэгслээ "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ын дагуу бүртгүүлдэг байхаар;

4.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг ердийн мөн хуулийн этгээдийн даатгал болон Автотээврийн тухай журмаар дагаж мөрдөхөөр, хуульд заасан бүртгэлтэй холбоотой журмыг хэрэгжүүлэх зохицуулалтыг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс дагаж мөрдөхөөр;
5.Хуулийн төслийн 11 дүгээр зүйлийг нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд аймаг, Нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэхээр өөрчлөн найруулахаар:
6."Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний хэмжээни тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолыг боловсруулж, тогтоолд хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, болон тэдгээртэй адилтгах тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож холбогдох журмыг шинэчлэн батлах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх олон нийтийн мэдлэг, хэрэглээний соёлыг төлөвшүүлэх сургалт, мэдээллийн ажлыг зохион байгуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгах зэрэг асуудлыг тусгасан гэдгийг онцлов.


Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь Зөвшөөрлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.25 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзсэнийг тодотгож байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун скүүтерийн тухайд олон улсад хэрэгжүүлж буй хамгийн үр дүнтэй зохицуулалтыг лавлахын зэрэгцээ энэ талаар төсөлд туссан зохицуулалтыг хэрэгжүүлэх дэд бүтцийг шийдвэрлэсэн эсэх, мөн энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, санал авсныг тодруулж, хариулт авсан.

Хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын санал хураалтыг Улсын Их Хурлын маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна