Цэргийн байгууллага дахь хүний эрхийн хамгааллыг бэхжүүлэх хуулийн төслийг өргөн барилаа

С.Гандэлгэр
7 цаг 41 минутын өмнө

Цэргийн байгууллага дахь хүний эрхийн хамгаалалтыг бэхжүүлэх тухай хуулийн төслийг С.Одонтуяа, Л.Мөнхбаатар нарын Улсын Их Хурлын 37 гишүүд УИХ-ын даргад өргөн барилаа.

          Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл санаачиллаа. Тус хуулийн төсөл нь эрүү шүүлт болон бусад хүнлэг бус, хэрцгий хандлагаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг илүү үр нөлөөтэй, зорилтот бүлэгт хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.


          Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт “цэргийн алба хаагчдад сургалт зохион байгуулах” гэсэн нэмэлт оруулж, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны сургалт, соён гэгээрүүлэх чиг үүргийг өргөжүүлэхээр тусгажээ. Ингэснээр цэргийн алба хаагчдад зориулсан хүний эрхийн сургалт, мэдээлэл, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулах эрх зүйн үндэс бүрдэх юм.

          Цэргийн алба хаагчдад чиглэсэн хүний эрхийн сургалтыг тогтмолжуулах нь зөвхөн мэдлэг олгохоос гадна цэргийн байгууллагын дотоод соёл, сахилга хариуцлага, алба хаагчдын харилцаанд бодит эерэг өөрчлөлт авчрах ач холбогдолтой гэж үзэж байна. Ялангуяа хаалттай орчинд ажиллаж, амьдардаг онцлогтой цэргийн байгууллагад хүний эрхийн боловсролыг тогтмол олгосноор дүрмийн бус харьцаа, дарамт шахалт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэх юм.

          Мөн сургалтын үр дүнд алба хаагчид хүний эрхийн суурь ойлголт, эрх, үүргийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, бие биедээ хүндэтгэлтэй, хариуцлагатай хандах хандлага төлөвших нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн захирагч, удирдах албан тушаалтнууд хүний эрхэд суурилсан удирдлагын арга барил эзэмшиж, сахилга хариуцлагыг дарамт шахалт бус, хуульд нийцсэн, харилцан ойлголцолд тулгуурласан хэлбэрээр хэрэгжүүлэх соёл төлөвшихөд эерэг нөлөө үзүүлэхээр байна.

          Хүний эрхийн сургалтыг нэг удаагийн мэдлэг олгох биш тасралтгүй байдлаар зохион байгуулснаар эерэг өөрчлөлтүүд гарна. Сургалт тогтмолжсоноор цэргийн байгууллагын захирагч, удирдах албан тушаалтнууд хүний эрхэд суурилсан удирдлагын арга барил эзэмшиж, сахилга хариуцлагыг дарамт шахалт бус харилцан хүндэтгэл, ойлголцолд тулгуурлан хэрэгжүүлэх, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд дурдсан бие биедээ ахан дүүсийн сэтгэлээр хандах  соёл төлөвшихөд эерэг нөлөө үзүүлнэ. Үүний зэрэгцээ сэтгэл зүйн дарамт, эрүүдэн шүүлт, ялгаварлан гадуурхалт, дэглэлт зэрэг далд хэлбэрийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, алба хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголт, мэдрэмж, хандлага сайжирна.

          Сургалтыг салбарын онцлогт нийцүүлэн олон талт хэлбэрээр зохион байгуулна. Тухайлбал, хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдад зориулсан хүний эрхийн анхан шатны сургалтыг цэрэгт татагдсан үеэс эхлэн тогтмол зохион байгуулах, офицер, ахлагч, захирагч нарт зориулсан хүний эрхэд суурилсан удирдлага, харилцааны тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

          Бодит тохиолдолд суурилсан кейс хэлэлцүүлэг, нөхцөлт сургалт, дадлага сургуулилалт, цахим болон видео сургалт, зөвлөгөө мэдээллийн нээлттэй өдөрлөг зэрэг орчин үеийн сургалтын арга хэлбэрийг ашигласнаар алба хаагчдад хэвийн мэт байсан хүчирхийлэл, хүний эрхийн зөрчлийг таньж мэдэх, таслан зогсоох, ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдлэг олгох нөхцөл бүрдэх юм.

          Олон улсын туршлагаас үзэхэд хүний эрхийн сургалт нь орчин үеийн цэргийн байгууллагын мэргэжлийн чадавх, сахилга хариуцлагын чухал хэсэгт тооцогддог. Тухайлбал, НҮБ, НАТО болон Япон, БНСУ зэрэг ази, номхон далайн орнууд цэргийн алба хаагчдад хүний эрх, олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, энгийн иргэдийн хамгаалалтын чиглэлээр тогтмол сургалт зохион байгуулдаг бөгөөд сургалтыг практик дадлага, нөхцөлт кейс, симуляци зэрэг арга хэлбэрээр явуулдаг байна. Ийм тогтолцоо нь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, командлалын хариуцлагыг бэхжүүлэхэд үр дүнтэй гэж үздэг.

          Сургалтын үр дүнд алба хаагчид хүний эрхийн зөрчлийг таньж мэдэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчил гарсан тохиолдолд мэдээлэх, хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх мэдлэг, чадвартай болох ач холбогдолтой. Ингэснээр дотоод хяналт сайжирч, зөрчлийг нуун дарагдуулах бус эрт илрүүлэн урьдчилан сэргийлэх тогтолцоо бэхжих нөхцөл бүрдэх юм.

          Хуулийн төслийг боловсруулахдаа НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц болон түүний Нэмэлт протокол, НҮБ-ын Хүний эрхийн гэрээний хороодоос Монгол Улсад өгсөн зөвлөмжүүд, мөн цэргийн байгууллагад гарч буй хүний эрхийн зөрчлийн талаарх судалгаа, статистик мэдээлэлд үндэслэсэн байна.

          Цэргийн байгууллагын хүний эрхийн сургалт нь сэтгэл зүйн дарамт, ялгаварлан гадуурхалт, эрүүдэн шүүлт, дэглэлт зэрэг далд хэлбэрийн зөрчлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх бөгөөд энэ нь алба хаагчдын аюулгүй байдал, сэтгэл зүйн тогтвортой байдал, ажлын бүтээмжид эергээр нөлөөлж, цэргийн албаны нэр хүнд, олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

          Ингэснээр цэргийн байгууллагад хүний эрхийг дээдэлсэн, сахилга хариуцлагатай, харилцан хүндэтгэлтэй орчин төлөвшиж, эрүүдэн шүүх болон бусад хэлбэрийн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоо илүү үр дүнтэй хэрэгжих нөхцөл бүрдэх юм.

Түүнчлэн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас НҮБ-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх дэд хороо, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх олон улсын нийгэмлэгтэй хамтран 2022 оноос 2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт 653 удаагийн сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж, хууль сахиулах байгууллагын 1100 албан хаагчийг сургагч багшаар бэлтгэн, 104 мянга гаруй хүнийг хамруулжээ. Эдгээр сургалт нь эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас урьдчилан сэргийлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх хандлага төлөвшүүлэхэд чиглэж ирсэн байна.

 

 

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна