Улсын дээд шүүх ИЗНН-ын асуудлыг нэг сараар хойшлуулав

Zuv.mn
5 цаг 5 минутын өмнө

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр боллоо.

Нийт шүүгчийн хуралдаанаар Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханаас ирүүлсэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/, ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг багцлан боловсруулсанд санал авах” талаар танилцуулга болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн 2026 оны 01/844 дугаартай “Санал авах тухай” албан бичигтэй тус тус танилцаж, албан бичгээр хариу хүргүүлэхээр тогтов.

Түүнчлэн дараах намуудын өргөдлийг хэлэлцлээ.

1.Монголын ардчилсан хөдөлгөөний намын дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх; Монголын социал демократ намын дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдлийг тус тус хэлэлцэж, намын дүрмийг бүртгэхээр шийдвэрлэлээ.

2.Монголын уламжлалын нэгдсэн намын даргаар Л.Өнөрбаяр сонгогдсоныг болон намын дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх; Монгол Консерватив нам (МКН)-ын даргаар Б.Сайнбаяр сонгогдсоныг болон намын шинэчилсэн дүрмийг бүртгүүлэх тухай өргөдлийг тус тус хэлэлцээд намын дарга болон намын дүрмийг тус тус бүртгэхээр шийдвэрлэв.

3.Эрх Чөлөөний Эвсэл нам (ЭЧЭН)-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг хэлэлцээд намын дүрмийн 23.2 дахь заалтын “УИХ болон” гэх хэсэг нь Улс төрийн намын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгийн “Энэ хуулийн 19.4, 19.5-т заасан журмыг намын төлөөллийн төв байгууллага батална” гэсэнд нийцэхгүй тул бүртгэхээс татгалзаж, намын дүрмийн бусад хэсгийг бүртгэхээр шийдвэрлэв.

4.Эх орончдын нэгдсэн нам (ЭОНН)-ын шинэчилсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг хэлэлцээд намын дүрмийн 12.3.2 дахь заалтын “намын Удирдах зөвлөлөөс” гэх хэсгийг бүртгэхээс татгалзаж, намын дүрмийн бусад хэсгийг бүртгэхээр шийдвэрлэв.

5.Нам нь Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг, улсын хэмжээний бодлого дэвшүүлэн сонгуульд оролцдог, хамтын шийдвэр гаргаж, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл юм. 

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд намын гишүүн байх нь түүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, давуу байдал олгох үндэслэл болохгүй”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Нам нь намын дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, намын дүрмээр зохицуулах дотоод маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий хяналтын байгууллагатай байна”, 18.4-т “Намын хяналтын байгууллага нь дараах маргааныг хянан шийдвэрлэж, шийдвэртээ үндэслэлээ тодорхой бичнэ:” гээд 18.4.1-д “намын дүрэм зөрчсөн эсэх”, 18.4.2-т “нам болон түүний гишүүн хооронд үүссэн”, 18.4.3-т намын дотоод сонгуультай холбогдон үүссэн”, 18.4.4-т “намын санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой” гэж тус тус заасан.

Иргэний зориг ногоон намаас тус намын дүрмийг бүртгүүлэхээр хоёр (2) өөр өргөдөл болон 2 өөр тусдаа намын дүрмийг Улсын дээд шүүхэд ирүүлсэн. Тодруулбал;

2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр намын Онц Их хурал гэж хуралдан намын даргаар Р.Батболдыг сонгосныг болон намын дүрмийг бүртгүүлэх өргөдлийг Р.Батболдоос 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр;

2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр намын Ээлжит бус XIII Их хурал хуралдан намын дүрмийг шинэчлэн бүртгүүлэх өргөдлийг Б.Батбаатараас 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус тус гаргасан байна.

2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас дээрх 2 өргөдөл, 2 намын дүрмийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцээд Улсын дээд шүүх нэг намаас нэг дүрэм бүртгүүлэхээр ирүүлсэн нэг өргөдлийг хүлээн авч хэлэлцэн, шийдвэрлэнэ гэсэн үндэслэлээр Иргэний зориг ногоон намын дотоод маргаантай асуудлаа шийдвэрлэж, уг асуудлыг шийдвэрлэх хугацааг 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хойшлуулав.

Энэ хугацаанд Иргэний зориг ногоон нам нь намын дүрмийг бүртгүүлэх нэг өргөдлийг дүрмийн хамт ирүүлэхийг даалгав.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох журамд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцээд өөрчлөлт оруулахаар тогтлоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна