О.Баасандорж: Өдөр болгон өвчинтэйгөө тэмцэж ганцаараа шанална гэдэг хамгийн хэцүү

Т.Отгонсувд
1 цаг 8 минутын өмнө

Эгэл ардын амьдрал, тэдний үзэл бодол, алсын зорилго мөрөөдлийн талаар ярилцдаг "Эгэл амьдрал" ярилцлага энэ удаад СХД-ийн иргэн Отгонбаярын Баасандоржтой ярилцлаа.

– Та өөрийгөө танилцуулаач?

Намайг Отгонбаярын Баасандорж гэдэг. Би 2022 оноос хойш нурууны суулт, мэдрэлийн ядаргаа гэсэн оноштой болж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болсон. Одоо таягтай явдаг, ихэнх цагаа гэртээ өнгөрөөдөг. Түнхний хагалгаанд орох шаардлагатай ч эмнэлгийн оочир хүлээсээр гурван жил болж байна.

– Одоогийн амьдралын нөхцөл байдал тань ямар байна вэ?

Саяхан ханийгаа алдсан. Хүүхдүүд минь том болоод тусдаа гарчихсан, өөр өөрсдийн амьдралтай. Тэдэндээ төвөг болохгүй гэсэндээ ганцаараа амьдарч байна. Өвчин зовлонгоо ч ганцаараа даван туулж байна даа.

– Таны сарын орлого хэрэглээндээ хүрч байна уу?

Группийн мөнгө гэж сард 470 мянган төгрөг авдаг. Тэр мөнгөөрөө хоол хүнс, эм тариагаа зохицуулна гэдэг үнэхээр хэцүү. Махны үнэ 30 мянган төгрөг давчихсан энэ үед амьдралаа залгуулна гэдэг бараг боломжгүй болчихоод байна. Өрнөөс өрний хооронд л амьдарч байна даа.

Төр засаг тэтгэвэр, тэтгэмж нэмсэн гэж ярьдаг. Гэхдээ бодит амьдрал дээр нэмэгдсэн мөнгө нь үнийн өсөлтийг гүйцэхгүй байна. Нэмсэн 80 мянган төгрөгөөр хоёр килограмм мах авч чадах уу, үгүй юү гэдэг л асуудал болчихсон байна.

Ганцаараа болохоор хоол ундаа аль болох аргацаадаг. Заримдаа гэдэс, цувдай авч долоо хоногийн хоолоо болгодог. Гэтэл тэр нь хүртэл 40 мянган төгрөг болсон байна. Хүн л юм чинь дандаа гэдэс цувдай идээд байж болохгүй шүү дээ. Монгол хүн болохоор хааяа ч гэсэн мах идмээр санагдана.

– Өвчин тань хэрхэн эхэлсэн бэ?

Би амьдралынхаа туршид хар бор, хүнд ажил хийж ирсэн хүн. Нэг өглөө гэртээ цайгаа чанаж байгаад босох гэсэн чинь хөл мэдээгүй болчихсон байсан. Явах гэсэн ч чаддаггүй. Тэгээд хүүхдүүд рүүгээ залгаад “Ээж нь явж чадахаа байчихлаа” гээд уйлж байсан.

Удалгүй Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэхэд нурууны суулт гэсэн онош тавьсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл хагалгааныхаа ээлжийг хүлээсээр байна.

– Эмнэлгийн үйлчилгээний талаар ямар бодолтой явдаг вэ?

Хамгийн хэцүү нь хүлээлт. Танил талтай, мөнгөтэй хүмүүс нь оочир дайраад орчихдог юм шиг санагддаг. Харин над шиг энгийн иргэд жилээр хүлээдэг. Би хагалгаагаа хүлээгээд гурван жил болж байна. Заримдаа эмнэлгээ хүлээсээр байгаад нас барах вий гэж хүртэл бодогддог.

– Сэтгэлзүйн хувьд хэр байсан бэ?

Анхандаа маш хэцүү байсан. Хүний гар харах нь гэж бодоод шоконд орсон. Өөрийн эрхгүй уйлж, шаналдаг байлаа. Харин одоо гурван жил таягтай явсны эцэст бага багаар дасч байна.

Гэхдээ өдөр болгон өвчинтэйгөө тэмцэж, шөнөжин өвдөж хононо гэдэг үнэхээр хэцүү. Өвчнөөсөө болоод олон шөнө нойргүй хонодог.

– Таны хамгийн том хүсэл мөрөөдөл юу вэ?

Надад нэг л хүсэл байна. Хурдан хагалгаандаа ороод эрүүл болж, өөрийн хөл дээрээ алхаж, гүйж чаддаг болох юмсан гэж мөрөөддөг. Тэр өдрийг л хүлээж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна