УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос Улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар тодрууллаа.
-Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хүрээнд хэлэлцэгдэж буй асуудлуудын нэг нь Улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байна. Та бусад гишүүдийн хамт уг хуулийн төслийг өргөн барьсан. Энэхүү төсөл ямар агуулгатай, ямар асуудлыг шийдвэрлэх зорилготой вэ?
-Энэ хуулийн төслийг нийт 39 гишүүн хамтран өргөн барьсан. Гол агуулга нь Улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, барилга барих зөвшөөрөл олгогдсон үеэс нь эхлэн тухайн барилгад урьдчилсан хаяг олгох зохицуулалтыг бий болгоход оршиж байгаа юм.
Ингэснээр иргэд барилгын “А блок”, “Б блок” гэх ерөнхий нэршлээр бус, жишээлбэл “1-р орц, 1 тоот” гэх мэт албан ёсны хаягаар нь захиалга өгөх боломжтой болно. Мөн тухайн хаяг дээр өмнө нь захиалга бүртгэгдсэн эсэхийг иргэд нээлттэй мэдээллийн сангаас шалгах боломж бүрдэнэ.
Жишээлбэл, 20 айлын орон сууц байлаа гэж бодоход 10 айлыг нь иргэдэд захиалсан мөртлөө дахин бусдад санал болгох, эсвэл банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах зэрэг эрсдэлийг хязгаарлах нөхцөл бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, энэхүү хуулийн төсөл нь иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилготой.
Нээлттэй мэдээллийн сангаас иргэд тухайн барилгын газар эзэмших эрх хууль ёсны эсэх, өмнө нь захиалга авсан эсэх, инженерийн шугам сүлжээ болон дулааны эх үүсвэрт холбогдох боломжтой эсэх зэрэг мэдээллийг шалгах боломжтой болно. Ингэснээр орон сууцны захиалгатай холбоотой хохирол амсах, барилга хугацаандаа ашиглалтад орохгүй байх зэрэг олон асуудлаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
-Энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа тодорхой хэмжээний судалгаа хийсэн байх. Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалгатай холбоотой залилангийн улмаас олон мянган иргэн хохирсон талаар мэдээлэгдэж байна?
-Сүүлийн үед орон сууцтай холбоотой залилангийн гэмт хэрэг эрс нэмэгдэж байна. Бид энэхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан. Сүүлийн гурван жилийн хугацаанд зөвхөн бүртгэгдсэн орон сууцны залилангийн хохирол 204 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь зөвхөн ил болсон тохиолдлууд бөгөөд цаашид нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа. Иргэд орон сууцтай болох хүсэлдээ хөтлөгдөн хуурамч бичиг баримт, хэт хямд үнэ зэрэгт итгэж мөнгөө алдах тохиолдол гарсаар байна.
Тиймээс иргэд төрийн албан ёсны мэдээллийн сангаас тухайн барилгын зөвшөөрөл, өмнөх захиалга болон бусад мэдээллийг шалгаж байж гэрээ байгуулах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
-Ийм төрлийн асуудлыг эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үү?
-Шийдвэрлэх боломжтой ч хугацаа их шаарддаг. Ихэнх тохиолдолд иргэд барилгын компаниас боловсруулсан гэрээнд гарын үсэг зурсан байдаг тул талуудын хооронд эрх зүйн хувьд тэгш бус байдал үүссэн байдаг. Маргаан шүүхэд шилжсэн тохиолдолд хоёр, гурван жил үргэлжлэх нь бий. Зарим компани нэг орон сууцыг хэд хэдэн хүнд давхардуулан худалдах, эсвэл нэмэлт төлбөр төлсөн хүнд түрүүлж өмчлүүлэх зэрэг зохисгүй үйл ажиллагаа явуулж байна. Мөн “Шүүхдэлцээд аваарай” гэсэн байдал ч ажиглагддаг. Зарим тохиолдолд иргэдээс авсан мөнгийг буцаан олгох байдлаар асуудлыг түр аргацааж байгаа нь бизнесийн зохисгүй соёл болж байна. Иймд бид энэ байдлыг таслан зогсоож, гэрээний үүргээ шударгаар биелүүлдэг барилгын компаниудын нэр хүндийг хамгаалах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна