Засаг дарга нарын хүчийг зузаатгаж яамдыг "шалдлах" хуудуутай хуулийн төсөл

С.Гандэлгэр
2026/06/03

МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал нам доторх үе хоорондын "зодоон"-оо хазаарлаж, намаа нам шиг зангидаж чадахгүйд хүрч, халаа сэлгээ бүхий л салбарт болж, төрийн ажил ундуй сундуй үргэлжилж байна. Саяхан махны асуудлаас болж,  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  Х.Нямбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөхдөө "Монгол Улс нэгдмэл удирдлагатай улс" уриагаар туг хийсэн билээ. 

Тэгвэл О.Амгаланбаатар тэргүүтэй өмнө нь аймгийн Засаг дарга байсан УИХ-ын гишүүд энэ зарчмын яг эсрэг агуулгатай хуулийн төсөл санаачилж, тэр нь "ногоон гэрэл"-ээр урагшилж байгаа нь анхаарал татаж байна.  

Учир юу гэвэл, ердөө өнгөрсөн долоо хоногт буюу тавхан хоногийн өмнө УИХ-д өргөн барьсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэхээр болжээ. Уг хууль хэдхэн  заалттай ч Монгол Улсын Засаг захиргаа, түүний удирдлагын хэлбэрийг өөрчилж, Төрийн захиргааны төв байгууллагуудыг /яам/ хүчгүйдүүлэх, яамдыг шүдгүй битгий хэл хөл гаргүй арслан болгох үр дагавартай гэх шүүмжлэл дагуулж байна.  

Тодруулбал, О.Амгаланбаатарын анх өргөн барьсан хуулийн төсөл нь салбар яамны шууд удирдлагад байдаг босоо бүтэцтэй орон нутгийн 17 нэгж байгууллагын дарга, удирдлагыг Аймгийн Засаг дарга томилох агуулгатай байсан юм. Жишээ нь, аймгийн боловсрол, байгаль орчин, хүүхэд гэр бүл хамгаалал гэх мэт байгууллагын удирдлагыг тухайн аймгийн Засаг дарга шууд томилох хуулийн боломжийг нээж өгнө гэсэн үг. 

Энэ талаараа УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Нэг хүнд зориулж яам байгуулдаг. Тэр яамыг байгуулсан сайд нь өөртөө зориулаад босоо бүтэц угсардаг. Аймагт байдаг 26 байгууллагын удирдлагын 24-ийг нь босоогоор томилдог. Аймгийн Засаг дарга цагдаагаа мэдэхгүй. Суманд гэмт хэрэг, малын хулгай гарлаа гэхэд энэ тухай сумын хэсгийн төлөөлөгч, аймгийн цагдаагийн даргад хэлэхэд халаасандаа гараа хийсэн нөхөр. “Танд хамаагүй, бид босоо удирдлагатай” гэдэг. 

Аймгийн бодлого нэг зүг рүү харж байх ёстой. Гэтэл 10 толгойтой болчихож байна гэсэн үг. Аймгийн Засаг даргын эрх мэдлийг нэмэгдүүлж байж орон нутагт эрх мэдэл төвлөрч, Улаанбаатарт төвлөрсөн эрх мэдлийг задлах ёстой. Өнөөдөр Монгол Улс хөгжихгүй байгаа шалтгаан бүх эрх мэдлийг хотод төвлөрүүлчихсэнтэй холбоотой. 

О.Амгаланбаатар: Аймгийн боловсрол, эрүүл мэнд гэх мэт төрийн бүтцийг Засаг дарга томилохгүй бол сайддаа үйлчлээд байна

Аймгаас томилсон хүн нь мэргэжлийн бус, Улаанбаатараас томилбол мэргэжлийн хүн гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Бүгд л адилхан" хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг. 

Эндээс аймгийн Засаг дарга Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, Усны сав газрын захиргаанаас эхлээд 17 байгууллагын удирдлагыг томилбол бүх эрх мэдэл Засаг даргад очиж буйг УИХ-ын гишүүд шүүмжилж, тэрбээр хуулиа эгүүлэн татсан юм. 

Харин хуулийн төсөлдөө бага сага өөрчлөлт оруулж өнгөрөгч сарын 29-нд дахин өргөн барьж, төд удалгүй УИХ-ын Байнгын хороодоор хэлэлцэж эхэллээ. Өргөн баригдаад бүтэн жил гаруй хугацаанд хэлэлцэхгүй хав дарсан хуулийн төслүүд хэдэн арваараа байхад О.Амгаланбаатарын өргөн барьсан хууль долоо ч хонолгүй хэлэлцэгдэж байгаа нь хачирхалтай.  

Анхаарал хандуулах ёстой хуулийн заалт "2 дугаар зүйл. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.21 дэх заалтын дугаарыг “60.1.22” гэж, 62 дугаар зүйлийн 62.1.13 дахь заалтын дугаарыг “62.1.14” гэж, 63 дугаар зүйлийн 63.1.13, 63.1.14, 63.1.15 дахь заалтын дугаарыг “63.1.14, 63.1.15, 63.1.16” гэж тус тус өөрчилсүгэй."

Хуулийн төслийн хувьд өмнө дурдсан 17 салбар бус долоон салбар байгууллагын удирдлагыг орон нутгийн удирдлага томилох боломжтой хэмээн дахин тусгасан байна. 

Үүнд: 

1. Боловсролын газар 

2. Хүүхэд, гэр бүлийн газар 

3. Мал эмнэлгийн газар 

4. Халамжийн газар 

5. Соёлын газар 

6. Цахим хөгжил, харилцаа холбооны 

7. Биеийн тамир, спортын газар 

Дээрх салбар нэгжүүд бүгд мэргэжлийн яамдаа харъяалагдаж, босоо удирдлагатай. Эл хууль батлагдсанаар Засаг дарга солигдох бүрд удирдлага нь солигдох, мэргэжлийн бус хүмүүс томилогдох, даргын үзэмжээр халаа сэлгээ хийх зэрэг олон асуудал шил дараалан үүсэхээр байна. Үүнийг мэргэжлийн хүмүүс ч хэлж буй юм.  

Гарч болох эрсдлүүд: 

Улс төржилт нэмэгдэх эрсдэлтэй 

Засаг дарга салбар байгууллагын дарга нарыг мэргэжлийн чадвар, туршлагаас илүү улс төрийн харьяалал, хувийн холбоогоор томилох магадлал өснө.

Мэргэжлийн бие даасан байдал буурна

Салбарын байгууллагууд мэргэжлийн стандартаар бус Засаг даргын хүсэл, чиглэлд илүү захирагдах эрсдэлтэй. Ялангуяа боловсрол, хүүхэд хамгаалал, мал эмнэлгийн чиглэлд мэргэжлийн шийдвэр гаргах боломж хумигдаж болно.

Тогтворгүй байдал үүсч болзошгүй

Засаг дарга солигдох бүрт байгууллагын удирдлагууд олноороо өөрчлөгдөх магадлалтай.Ингэснээр урт хугацааны хөтөлбөр, төсөл тасалдах эрсдэлтэй.

Төвлөрсөн мэргэжлийн бодлогын хэрэгжилт алдагдах боломжтой

Дээрх байгууллагуудын ихэнх нь нэгдсэн удирдлагаар хангагдаж, улсын хэмжээний бодлого хэрэгжүүлдэг. Аймаг бүр өөр өөр улс төрийн болон удирдлагын чиглэлээр ажиллавал улсын хэмжээнд жигд стандарт мөрдөхөд хүндрэл үүсэх магадлалтай юм. 

Хууль "гууль" болно

Орон нутагт "Хэн засаглана, тэр хугацаагаа дуустал хаанчилна" гэсэн зарчим бараг л үйлчилдэг. Хууль биш, хүн засагладаг гэсэн үг. Энэ тохиолдолд орон нутагт төвийн хяналт яалт ч үгүй "дутагдана". 

Аймгийн засаг дарга тэрүүхэн хавьдаа хаан болж, түүнийг батламжилдаг Ерөнхий сайдын гарт том эрх мэдэл төвлөрнө. Ерөнхий сайд яамдыг фракцын тохироогоор томилдог бол Аймгийн Засаг дарга нарыг зөвхөн өөрөө батламжилдаг. Намын харъяалал хамаагүй болсон энэ үед ийм хууль батлах нь тухайн аймагт АН, МАН ер ямар ч нам ялсан байхаас үл хамааран  /О.Амгаланбаатар өөрөө жишээ/ эрх мэдэл МАН-ын дарга, Ерөнхий сайд руу шилжиж харагдана.

   




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна