Б.Шинэбаяр: Ажлаа хэзээ ч ял болгохгүй, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж хийдэг болохоор маш их хайртай

Х.Есү
1 цаг 18 минутын өмнө

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Шинэбаярыг энэ удаагийн “Зөв хүн” ярилцлагын нэвтрүүлэгтээ урьж оролцууллаа.

-Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе

-Сайн байна уу. Зөв.мн сайтыг уншиж байгаа уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе.

-Та яагаад жүжигчний мэргэжлийг сонгох болсон бэ?

-Ер нь манайхан дунд урлаг соёлын хүн байгаагүй. Манай өвөө, эмээ, аав ээж маань бүгд төмөр замд ажиллаж байсан. Үүнийг эргүүлээд харахаар аав ээж маань намайг 10 жилээ төгсөхөөр төмөр замд оруулах асар их хүсэл мөрөөдөлтэй байсан. Гэтэл би жүжигчин болно гээд шийдчихсэн байсан. Аав ээж хоёр минь анх жүжигчин гэх мэргэжлийн талаар ойлголтгүй байсан. СУИС-д ороод мэргэжлээрээ суралцаж байх хооронд шөнө орой хүртэл хичээлээ бэлдээд байж байхад аав ээж маань “энэ мэргэжил чинь цаг наргүй хэцүү юм биш үү” гэж хэлж байсан.

Гэхдээ л үнэнийг хэлэхэд өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр жигүүрлээд, хэзээ ч ял болгохооргүй, үргэлж сэтгэл дотроо асаж байдаг мэргэжлээ сонгосондоо маш их баяртай байдаг. Одоо бол хэзээ ч салшгүй, хамгийн аз жаргалтайгаар ажлаа хийж, тэр хэмжээгээрээ өөрийгөө мэдэрч ажилладаг. УДЭТ-ын гэдэг нэр заавал нэрний минь өмнө явдаг учраас маш их хайртай байдаг.

Аливаа шинэ уран бүтээл болгон дээр ээж, аав маань ирж үздэг. Тэр болгон дээр аав ээж маань үнэлэлт дүгнэлтээ дотроо өгөөд явж байгаа байх. Гэхдээ яг аль нэг зүйл дээр нүүрэн дээр минь магтах гэх мэт зүйлийг хийгээгүй байгаа. Миний хувьд дүнгээ тавиулаад л явж байгаа гэсэн үг.

-Сүүлийн үед ажиллаж байгаа уран бүтээлийнхээ талаар ярилцвал?

-УДЭТ-ын уран бүтээл болох “Тэнгэрийн хүү” жүжиг маань зургаадугаар сарын 19,20,21-нд үзэгчдэд дахин хүрэхээр болсон. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 4,5-нд ОХУ-ын Санктпетербург хотноо байдаг театрт тоглохоор болсон" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна