Б.Ган-Очир: Шүүх засаглал тэр чигтээ авлигын хонгилын эздийнхээ боол нь болсон юм биш үү

Х.Есү
1 цаг 11 минутын өмнө

Нийслэлийн Ардчилсан намын удирдлагын баг болон УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нар нийслэл Улаанбаатар хотын асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир: Миний бие Нийслэлийн АН-ын даргын ажлыг аваад хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд иргэдтэй уулзаад, Нийслэлийн АН-ын цаашдаа барих бодлогыг тодорхойллоо. Тэр нь юу вэ гэхэр Улаанбаатар хотын авлига.

Энэ бүх авлигын асуудал хаанаас эхлэв, яав гэдгийг дүгнэж цэгнэх нь манай намын гол бодлого болсон юм байна. Түгжрэл гацаа бол бүгд Улаанбаатар хотын бизнес болж хувирсан. МАН сүүлийн 10 жил бидэнд “Амар тайван аюулгүй нийгэм” гэж бидэнд амлаж байна. Амар тайван аюулгүй нийгмийг бүтээчихсэн юм бол нялх хүүхэд нь нүхэн дор нас бардаг юм уу, 10 жилийн хүүхдүүд 60-уулаа нэг ангид суудаг юм уу, орон сууцных нь гадаа хүүхдийн алхах зам байхгүй, хүүхдүүд нь авто ослоор нас бардаг юм уу. Ингээд бодохоор амар тайван аюулгүй нийгэм нь хаана байгаа юм бэ.

Дахиад МАН сүүлийн 10 жилд бид бүхэнд “Амьдралын чанар ба дундаж давхарга”-ыг амласан байна. Амьдралын чанар ба дундаж давхаргатай нийгмийн ахмадууд нь тэтгэврээ нэмье гээд ордон тойрж жагсаал хийдэг юм уу, махных нь үнэ ийм өндөр байж, махны мөрний хулгай хайж байна гэж эрх баригчид нь хоорондоо хэрүүл хийдэг юм уу, татвар нь 40 хувь иргэдийнх нь цалин амьдралд нь хүрэхгүй байдаг юм уу.

Өнөөдөр авлигын индексээрээ бид 20,30 байр ухарч хойшлоод байхад түүнтэй тэмцэх ёстой хууль шүүхийнх нь байгууллага тийм сайн ажилласан болоод Ерөнхий шүүгчээ зургаан жилийн хугацаагаар сунгана гээд байгаа юм уу. Шүүх засаглал тэр чигтээ авлигын хонгилын эздийнхээ боол нь болсон юм биш үү.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Нийслэлийн хуучин удирдлагуудад зүгээр нэг албан тушаалын хариуцлага тооцоод өнгөрч болохгүй. Тиймээс Туулын хурдны замтай холбоотой гэрээнүүдийг ил гаргах ёстой. АН үүнийг шаардсаар байх болно.

МАН утаагаар дамжуулж маш их мөнгө идсэн. "Утааг нэг жилийн дотор алга болгоно" гэж худлаа ярьж, мөнгө үрэн таран хийж байгааг зогсоох ёстой. Нийслэлд хүн амын 50 хувь нь амьдарч байгаа. Энэ хүмүүс маань орон нутгийн сонгуульдаа хамрагдаагүй буюу маш бага хувьтай байсан учраас МАН Нийслэлд дээр ингэж дураараа дургих эрхээ олж авсан. Тэр утгаараа иргэд маань Нийслэл дээр болж байгаа бүх үйл явдлууддаа анхааралтай байж дуу хоолойгоо хүргэхийг хүсье" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна