Х.Нямбаатарын хэрэгжүүлж байсан "Сэлбэ" төслийг Э.Бат-Амгалан хариуцахаар болжээ

Zuv.mn
1 цаг 27 минутын өмнө

Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан хоёр том асуудал байдгийн нэг нь түгжрэл, нөгөө нь утаа. Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар энэ хоёр асуудлыг шийдэхээр "Сэлбэ 20 минутын хот", Туулын хурдны зам гэсэн хор төслийг хэрэгжүүлж байсан. 

Тэгвэл Сэлбэ 20 минутын хот төслийг Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын яаманд шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатарыг хотын даргын суудлаас нь буулгахаар хамгийн их тэмцэж байсан Э.Бат-Амгалан энэ хоёр төслийг хариуцаж хэрэгжүүлэхээр болсон байна. 

Үйл явдлын энэхүү өрнөл нь дараах асуултуудыг дагуулж байна. 

Нэгд, "Сэлбэ 20 минутын хот" төсөл иргэдэд хүртээмжтэй байж чадах уу. 

Х.Нямбаатарын үед Нийслэл өөрөө хөрөнгө босгон "Сэлбэ 20 минутын хот" төслийг хэрэгжүүлэхдээ залуу гэр бүл, эмч, багш нарт зориулсан ипотекийн маш хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийн бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байсан. Энэ бол  Х.Нямбаатар "Сэлбэ"-ээс эхлүүлсэн загвар схем цаашид тогтвортой үргэлжилж, дараа, дараагийн төслүүд ээлж дараалан хэрэгжинэ гэж тооцож байсны илрэл. Тэрбээр хэлсэн бол хийдэг удирдагч гэдгээ харуулж, улсын хийж чадаагүй төслүүдийг Нийслэлийн Засаг даргын суудал дээрээс хөдөлгөж чадсан. Тэгвэл энэ төсөл одоо Э.Бат-Амгаланд шилжлээ. 

Э.Бат-Амгалан бол барилгын салбарт компани эзэмшдэг, түүнийгээ ХОМ-тээ дурдсан түүхтэй боловч барилгын салбарт сайд болж очсон ашиг сонирхлын зөрчилтэй хүн. Ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь Баянзүрх дүүргийн төсвөөс төрийн алба хаагчдад орон сууцны дэмжлэг болгож олгосон мөнгө Э.Бат-Амгалангийн ОПТУ ХХК руу орчихсоноос нь харагддаг. Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчид энэ талаар "Төрийн албан хаагчдад дүүргийн төсвөөс 20-30 сая төгрөгийг орон сууцны дэмжлэг нэрээр олгосон. Уг мөнгийг ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангийн хамаарал бүхий “Опту” компани руу байрны урьдчилгаа болгон шилжүүлж, орон сууцаа зарж байна" хэмээн мэдэгдэл хийж байсан удаатай. 

Хоёрт, Нийслэлийн шинэ Засаг дарга Б.Пүрэвдагва ер нь нийслэлчүүдийнхээ төлөө ажиллаж чадах хүн мөн юм уу гэж. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулиар Нийслэлийн Засаг даргад өнөөдөр бие дааж ажиллах маш өргөн боломж байгаа. Хот тулгамдсан асуудлаа өөрөө шийдээд явах бүрэн боломжтой. Гэтэл Нийслэлийн нэрээр босгосон 500 сая ам.долларын үлдэгдлийг төсөлтэй нь хамт Засгийн газарт зүгээр шилжүүлээд өгчихлөө. 

Гуравт, хотын дарга Х.Нямбаатар том төсөвтэй олон ч төслүүдээр буруутгагдаж, хулгай, цавчаа хийсэн гэгдсэн ч эцэстээ мах үнэтэй байна гэх, нарийндаа Засгийн газрын хариуцах ёстой асуудлаар огцорсон. Ард нь болж байгаа үйл явцыг ажиглахаар "Наагаад байсан асуудлууд нь үнэн юм уу даа, хэдэн том төсөл хэрэгжүүлчихвэл нэр хүнд нь өсөж Н.Учралыг нясалчихна гэхээс айсан гэдэг нь үнэн юм биш үү" гэж бодогдоно. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна