С.Цэнгүүн: Засгийн газар өнөөдрөөс эхлэн БЭТ томилохгүй боллоо

Zuv.mn
1 цаг 7 минутын өмнө

УИХ-ын гишүүн С.Цэнгүүний өргөн мэдүүлсэн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох хуулийн төслийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа.

Тэрбээр энэ талаар мэдээлэл хийлээ. Хууль батлагдсанаар төрийн өмчит компанийн засаглалд захиргааны шууд хяналт тогтоох өмнөх нийгмийн зохицуулалтыг халж, компанийн дотоод хяналт, хариуцлага, хувьцаа эзэмшигчийн хяналтын ил тод, хязгаарлагдмал механизмаар орлуулах эрх зүйн нөхцөл бүрдэж байгаа аж.

Энэ талаар тэрбээр “Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжиж байсан үеийн хуулиудыг өнөөдрийг хүртэл хүчингүй болгоогүй байсан. Эндээс үүдээд  төрийн өмчит компаниудад Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилж байсан. Тодруулбал 2019 оноос хойш тус хуулийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн өмчит жижиг “Тавантолгой ХК зэрэг компанид онцгой дэглэм тогтоож, Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Нэгт, Үндсэн хууль зөрчиж, хоёрт хуульд онц байдал зарласан үйлдвэр болон байгууллагад гэсэн үг оруулж ирсэн байсан. Энэ нь ганц ТӨК-иудын тухай биш болж байгаа юм. БЭТ Монгол Улсад мөрдөгдөж байгаа Компанийн тухай, Хөдөлмөрийн тухай хуульд хамаарахгүй ажиллахаар заасан нь сүүлийн 5-6 жилд маргаан дагуулж байсан. БЭТ тухайн гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээхгүй байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гээд хуульчид Цэцэд хандаж байсан ч амжилт олоогүй. Монгол Улсын хуулийн тогтолцоог гажуудуулаад байгааг хүчингүй болгох ёстой гээд жил гаруйн хугацаанд ажилласан. Засгийн газар өнөөдрөөс эхлэн БЭТ томилохгүй боллоо” гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна