Г.Занданшатар, Н.Учралаар Л.Оюун-Эрдэнийг солиод сахил хүртээд шал дордов

Zuv.mn
1 цаг 5 минутын өмнө

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулаад яг нэг жил болж байна. Хэдийгээр МАН эрх барьж буй ч Л.Оюун-Эрдэнээс Г.Занданшатарт үргэлжлүүлээд Н.Учралд шилжсэн Засгийн газар улс орны, эдийн засгийн, ард иргэдийн амьдрал дээрдүүлсэн ажил хийв үү. Шинээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, нийтээрээ үр өгөөжийг нь хүртдэггүй юм гэхэд ядаж эдийн засгаа уруудуулж, өрнөөс өрний хооронд иргэдээ амьдруулах нөхцөл байдалд оруулж боломгүй. Монголчууд яг үнэндээ, үнийн өсөлтөд дарлуулж байна. Цалин, тэтгэвэр аманд ч үгүй, хамарт ч үгүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, инфляци, валютын ханш гээд өсөөгүй тоо алга. Сахил хүртээд шал дордов гэгч болж байна.

Л.Оюун-Эрдэнийг өмөөрөх гэсэнгүй, засаг төрийн бодлого тогтвортой байгаагүйгээс халаа сэлгээ бүх шатанд үргэлжилж, шинээр ажилтайгаа танилцсан дарга нар. Бүх юмс ундуй сундуй. Айлаар бол хаана юу байгаа нь мэдэгдэхгүй, эмх цэгцгүй, дүрэмгүй тоглосон баахан хүмүүс. Нөгөө талд өмнөх Засгийн газрын бодлогын залгамж халаагүй, түүхэнд нэрээ үлдээх том амбицаа дарж чадалгүй яаруу сандруу бодлого гаргаж, түүнийгээ өглөө оройгүй пи-ардаж, гарт баригдаж, нүдэнд үзэгдэх ажил хийгээгүйгээс эдийн засаг уруудчихлаа. ҮСХ-ноос гаргасан мэдээллээр өнөөдөр инфляц 10.1 хувьтай байна. Хоёр оронтой тоонд хүрч, иргэд хэрэглээний сагсан дахь бараа бүтээгдэхүүнээ авч дийлэхгүйд хүрчихлээ.Муу нэртэй, луу данстай Л.Оюун-Эрдэнэ хасах руу орж дефолт зарлахын ирмэг дээр очсон байсан эдийн засгийг дээрдүүлж, хамгийн багадаа хоёр дахин тэлж чадсан нь маргашгүй үнэн. Тоо худлаа хэлдэггүй. 2024 онд Монгол Улсын зээлжих зэрэглэл нэг шат ахиж, “B+, тогтвортой”  ангилалд шилжиж байв.

Ерөнхий сайд Н.Учралыг залуу хүн, зоригтой байна гээд дээр дооргүй хөөргөцгөөгөөд байгаа. Энд тэнд очиж хүн загнуулах ажлыг зөвлөх, ажлын албаныхан нь сайн хийж байна. Ард иргэд, бизнес эрхлэгчдийнхээ үгийг нүд цавчилгүй сонсож, дундаас нь оновчтой шийдвэр гаргах хүч тамир энэ хүнд дутагдаж байна. Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан “Юун бүтээн байгуулалт хийх вэ. Зам тээврийн салбарт байсан 2.4 их наяд төгрөгийг багш, эмч нарын цалинг өгнө гээд авсан. Бүтээн байгуулалтаа зогсоо гэсэн. Аргаа ядаад төр-хувийн түншлэл яриад явж байна. Энэ улсад нэг төгрөг ч алга” хэмээн ярьснаас үзэхэд, Монгол Улсын эдийн засаг, мөнгөний урсгал цар тахлын үед ч  үзээгүй уналтанд орчихсныг илтгэж байна.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай болон дагалдуулан боловсруулсан 105 хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүллээ. Хуулиар хориглоогүй бол аль ч салбарт, ямар ч төрлийн үйлдвэр, үйлчилгээ, худалдааг өөрийн хүсэл сонирхлоор эрхлэх боломжийг нээж буйг тэрбээр хэлсэн. Мөн төрөөс бизнесийн үйл ажиллагааг хязгаарлахгүйн зэрэгцээ харин бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог хязгаарлана гэж танилцуулна лээ. Гэтэл гурван аж ахуйн нэгж тутмын хоёр нь татвар төлөх хэмжээнд ашигтай ажиллаж чадахгүй байгааг Татварын хөгжил, дэвшил холбоо ТББ-ын Тэргүүн Б.Ганболд гэж хүн ярьжээ.

Нэг ёсондоо, мянга сайн хууль эрх зүйн орчин танилцууллаа ч эдийн засаг доройтож, хүн цалинжуулж, ажлын байр бий болгодог бизнесүүд түрүүчээсээ хаалгаа бариад эхэлсэн гэсэн үг. 2024 оны тайлангаар 240 мянга гаруй аж ахуйн нэгж тайлан ирүүлснээс 162 мянга нь алдагдалтай ажилласан гэж мэдүүлжээ. Улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн өнөө болон ирээдүйд үүсч болох алдагдсан боломжийн өртөг ямар хэмжээнд байхыг бид өнөөдөр олон талаас нь шүүн хэлэлцэх учиртай болсныг харуулж байна.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна