УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчллөт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Зэсэнд ногдуулах АМНАТ-ийн талаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням бүлгийн гишүүддээ мэдээлэл өгсөн байна.
Энэ талаар сайд Г.Дамдинням ”Засгийн газрын зэсэнд ногдуулах АМНАТ-ийг бууруулах нь зөв, гэхдээ “Онтра”-гийн хэлэлцээрт нөлөөлөх магадлалтай гэж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэж батлахдаа зэсэнд ногдуулах АМНАТ-т хүрэхгүй, бусад асуудлыг шийдвэрлээд явахаар бүлэг шийдвэрлэлээ. “Онтра”-гийн хэлэлцээрт болгоомжлох нь зүйн хэрэг. УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай ойлголцсон.
Монгол Улсын Үндсэн хуулиар нийт төслийн өгөөжийн 51 хувийг заавал Монголын ард түмэн төрд авах ёстой. Үндсэн хууль давсан гэрээ хэлцэл гэж байх ёсгүй. Ямар ч нөхцөлд Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжих ёстой. Үндсэн хуулиар үүрэг болгосон “Онтра”-гийн Шивээ толгой, Жавхлант гэсэн хоёр лицензээс ирэх өгөөж 51-ээс дээш байна. Энэ хэлцлийг дуусгасны дараа зэсийн АМНАТ ийг буулгах нь зүйтэй юм гэдэг дээр санал нэгдлээ” гэв.
Мөн бүлгийн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийн танилцуулгыг сонссон байна. Үүний дараа Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк болон орон сууцжуулалтын тухай хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хийжээ. Хуралдааны төгсгөлд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Хот, суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийн танилцуулгыг хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна