Ц.Мөнхбаатар: "Зөв. мн"-ийг 20 сая төгрөгөөр торгох ямар ч хуулийн үндэслэл байхгүй

Zuv.mn
1 цаг 31 минутын өмнө

МСНЭ-ийн Цахим сэтгүүл зүй хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатараас "Зөв.мн" сайтыг 20 сая төгрөгөөр торгосон асуудлаар "Өдрийн сонин" тодруулга авсныг хүргэе.

-Үүсээд буй асуудлыг хэрхэн анзаарч байна вэ. Холбогдох байгууллага, албан тушаалтнуудыг хуулийн дагуу ажиллаагүй гэсэн асуудал нэлээд хөндөгдөж байна л даа?

-Монгол Улс бол ардчилсан улс. Ардчилсан улс оронд үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх нь холбогдох хуулиар баталгаажсан байдаг. Хэвлэн нийтлэх ажиллагаанд саад учруулахыг хуулиар хориглосон заалт хүртэл бий. Гэтэл өчигдөр (уржигдар) "тэнэгдүү" ч гэж хэлж болмоор асуудал гарлаа. Ер нь сэтгүүлч ямар нэгэн байдлаар нийтийн албан тушаалтантай холбоотой хууль бус байж болох мэдээллийг хардаж, сэрэмжлүүлж бичих нь байх зүйл. Энэ бол ардчилсан улс орон, хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг. Ямар ч хэвлэл нийтийн албан тушаалтантай холбоотой аудитын дүгнэлт, шилэн дансны зүй бус зарцуулалт зэрэг мэдээллийг олж аваад өөрийнх нь зургийг нийтийн сүлжээнээс аваад нийтэлдэг. Гэтэл ингэж аваад нийтэлтэл "Зөв.мн"-нд гомдол гаргажээ. Сэтгүүлч бид бичих нь нээлттэй байдаг шиг нөгөө талд нийтийн албан тушаалтны гомдох эрх нь нээлттэй. Үүнийг холбогдох байгууллагууд шалгах нь зүйн хэрэг. Ингэхдээ өөрийгөө хууль бус зүйл хийгээгүй, хуулийн дагуу байсан гэдгээ л хэлэх ёстой. Тэр гомдлыг нийтийн албан тушаалтан няцааж чадахгүй бол үнэн нь сэтгүүлчийн талд байна гэсэн үг. Харамсалтай нь энэ кейс дээр мэдээллийг нягтлаагүй гэсэн зүйл яригдсан. Ямар нэгэн асуудалд сэтгүүлч, редакц өөрөө хариуцлага хүлээх учраас мэдээллээ заавал нягталдаг. Түүнчлэн тухайн албан тушаалтан өөрийнх нь зураг биометрик мэдээлэлд хамаарах тул зөвшөөрөлгүй нийтэлсэн хэмээн гомдол гаргасан. Биометрик гэдэг нь хувийн эмзэг мэдээлэл гэсэн үг. Гэтэл тухайн хүний олон нийтийн сүлжээнд нээлттэй байсан мэдээлэл эмзэг мэдээлэлд тооцогдохгүй. Хүний биометрик мэдээлэл нь "Зөв.мн" сайтад ч тэр, бусад хэвлэл мэдээллийн байгууллагад ч тэр шаардлагагүй. Мэдээллээ тодорхой болгохын тулд зургийг нь тавьдаг. ХЭҮК-оос цагдаагийн газар луу гомдол шилжүүлэхдээ "Зөрчлийн хуулийн шинжийг агуулсан байх боломжтой" хэмээн чиглүүлэг маягаар шилжүүлсэн байсан. Хүний эрхийг хамгаалдаг байгууллага өөрөө хүний эрхийг зөрчсөн үйлдэл гаргасанд туйлын харамсалтай байна. Энэ асуудлыг ямар нэг байдлаар албан бичиг болгоод, торгоход дэмжлэг үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, "Зөв. мн"-ийг 20 сая төгрөгөөр торгох ямар ч хуулийн үндэслэл байхгүй.

-Энэ асуудлын цаашдын үр дагавар нь юу байх бол?

-Энэ бол хэвлэл мэдээллийн байгууллагын амыг барих, айлгаж сүрдүүлж буйн нэг хэлбэр. Нийтийн албан тушаалтны хийсэн ажил үүргийг нь шүүмжилж бичсэн болохоос биш, бусад эмзэг мэдээллийг нь задлаагүй шүү дээ. Энэ асуудалд холбогдуулан МСНЭ-ээс УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ХЭҮК-т шаардлага хүргүүлсэн. Цаашдаа ямар ч шатанд ийм зүйлийг огт гаргуулж болохгүй гэдэг байр суурьтай байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна