Н.Учралын Засгийн газрыг огцруулах санаанаасаа АН-ынхан буцахгүй

Zuv.mn
1 цаг 26 минутын өмнө

УИХ-ын дахь АН-ын бүлгээс Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцох тухай шаардлагад Ерөнхий сайд хариу ирүүлээгүй. Тиймээс Засгийн газарт хариуцлага тооцож, огцруулах гарын үсэг цуглуулахаа мэдэгдээд байсан. Бүлгийн дарга О.Цогтгэрэл энэ шийдвэрээсээ буцахгүй гэдгээ дахин мэдэгдэв. Тэрбээр,

Ардын хүүхдийн амь авлигач Засгийн газар, тогтолцоонд яагаад ийм хямдхан үнэлэгдэх ёстой юм. Ерөнхий сайд Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцохгүй гэж ойлгосон. Тиймээс Ерөнхий сайд өөрөө улс төрийн хариуцлага хүлээх ёстой.

Хоёрдугаарт, МАН өөрсдөө ярьсан өндөр дүнтэй авлигын асуудал хаачсан бэ. Албан тушаалын наймаа хийгээд авлигын асуудлаа ярихгүй зогсоож байгаа нь энэ үү. Нөгөө 110 сая ам.долларын эзэнтэй, биетэй хулгай хаачсан бэ. “Бор тээг”-ийн нүүрсний орд гэж асар өндөр үнийн дүн бүхий хулгай ярьж байсан энэ хаачсан бэ. 20-30 сая ам.долларын шилжүүлгийн дүн ярьж байсан юу болсон бэ. Хулгайтайгаа эвлэрээд МАН дуусах гэж байна уу. Ерөнхий сайд ард түмний өмнө хуулийн хэрэгжилт, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг хариуцдаг. Авлигатай тэмцэх газрын даргын томилгооноос эхлүүлээд олон чиг үүрэг бий. Н.Учрал Ерөнхий сайд авлигатай тэмцэнэ гэсэн нь хоосон амлалт болоод дуусаж байна уу гэх асуудал Ерөнхий сайдад хариуцлага тооцох бас нэг үндэслэл болж байна.

Бүлгийн шийдвэр гарсан. Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах албан бичигт Ардчилсан намын бүлгийн 42 гишүүн гарын үсгээ зурна гэв.

Ерөнхий сайд Н.Учрал: АН-д ёс зүйтэй хүмүүс олон байгаа. Хэсэг бүлэг хүмүүсийн хийгээд байгаа улс төр

Энэ асуудалд Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шинэчлэлээ танилцуулж байхдаа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр,

-Асуудал шийдэхийн төлөө бүгд хамтраад явах ёстой. Нэг л Монгол Улс шүү дээ. Надад ямар нэгэн шаардлага бичиг ирээгүй бөгөөд хэвлэлээс л мэдээлэл авсан. Манай АН-д ёс зүйтэй хүмүүс олон байгаа. Хэсэг бүлэг хүмүүсийн хийгээд байгаа улс төр юм болов уу. Бүх зүйлийг улстөржүүлээд, тулгамдсан асуудал бүрт хамаатуулаад яваад байж болохгүй. Ер нь яах вэ, батлан хамгаалах, онцгой байдлын салбарт үүссэн асуудлуудад би байр сууриа илэрхийлсэн. Шаардлагатай арга хэмжээг авч, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлээд явж байна. Өнгөрсөн хугацаанд энэ олон салбарынхаа хөрөнгө оруулалт, дэд бүтэц, хүний нөөцийг бүрэн шийдэж чадаагүй, цалин хөлс нийгмийн баталгаа нь хангалтгүй байсан уршгууд эхнээсээ гарч байна. Тиймээс Засгийн газар бэлэн байдлыг хангуулахаар холбогдох арга хэмжээг аваад би зүтгэж байгаа.

Салбарт бүрт үүсээд байгаа эмгэнэлтэй, харамсалтай явдлын өмнө улс төрийг авчрах нь зохимжгүй. Харин ажил үүргээр нь дүгнэж, шаардаж, эрүүлээр мэтгэлцэх хэрэгтэй. Би хэнээс ч нуугдахгүй байгаа. АН-ын болон өөрийн намынхаа аль ч гишүүнтэй бодлого, шинэчлэлээр ярилцахад нээлттэй байгаа” гэсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна