​Г.Дамдинням: Зэсийн АМНАТ-өөс 1.8 их наяд төгрөг жилд олдог. Бид ойрын 4 жилд 2.2 их наяд болгохоор тооцсон

Zuv.mn
1 цаг 5 минутын өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Ганзориг “Ниргэсэн хойно нь хашгирав гэгч болохгүйн тулд зайлшгүй анхаарах асуудлуудыг сайд нараас асууя. Нэгт, сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ тогтвортой өсөж буйг бүгд мэдэж байгаа. Өнөөдрийн байдлаар нэг тонн зэсийн үнэ 13700 ам.доллар байна. Энэ өсөлт түр зуурынх биш, цахилгаан машины хэрэглээ, сэргээгдэх эрчим хүч, нарны панел, батерей хураагуур, дата төв, хиймэл оюун ухаан, сервер гээд олон зүйлийн эрэлтүүдээс зэсийн эрэлт явагдаж байна. Үүгээрээ ойрын жилүүдэд зэсийн үнэ тогтвортой байх нь харагдаж байна. Монгол Улсын төсвийн орлоготой холбоотой учраас Сангийн сайд, Эдийн засаг хөгжлийн сайдаас асууя. Хоёрт, сүүлийн хоёр жилд дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ 9000 ам.доллараас дээш байгаа. Одоо 13700, цаашид ямар байна гэсэн төсөөлөл байгаа вэ. Интервалын тооцооллоо хэрхэн яаж хийсэн бэ” гэж тодруулахад,  

АҮЭБ-ын сайд Г.Дамдинням “Зэсийн АМНАТ-өөс 1.8 их наяд төгрөг жилд олж байгаа. “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой”-гоос энэ мөнгө орж ирдэг. Бид ойрын 4 жилд 2.2 их наяд болгох тооцоололтой байна. Шинэ төслүүдээ хөдөлгөх боломж олгож байж үүнийг явуулна гэж тооцсон. Интервалаа 10 мянган ам.доллар болгож болно” гэх хариулт өглөө.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна