УИХ-аар УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүдийн санаачилж, өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд-ийг энэ өдрүүдэд хэлэлцэж байгаа билээ.
Орон сууц захиалгын гэрээгээр иргэн, хуулийн этгээд гэрээ байгуулан хөрөнгө оруулсан боловч зөвхөн барилга барьж байгаа гүйцэтгэгч болон захиалагч аль нэг хуулийн этгээдийн дангаар өмчлөх эрхийг бүртгэж байгаа нь захиалгаар гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдөж, зөрчигддөг болохыг П.Сайнзориг гишүүн хэлж буй юм.
Барьж дуусаагүй барилгыг улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан иргэн хуулийн этгээд нь тухайн барилгыг удаан хугацаатай, өндөр хэмжээний зээлийн барьцаанд тавьж бүртгүүлдэг байна. Үүний улмаас тухайн захиалгын гэрээ байгуулж хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд нь өөрийн өмчлөлд бүртгүүлэх процесс удааширдаг, эрсдэлд ордог. Тухайлбал, барьж дуусаагүй барилгын эрхийг бүртгүүлж зээл аваад төлбөрөө бүрэн барагдуулж чадахгүйн улмаас барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэл хангуулахаар хууль хяналтын байгууллагын шийдвэр гарах тохиолдол гардаг аж. Мөн зээл авсан тухайн барилгын компани нь төлбөрөө төлөөгүйгээс бусад асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж нийтийн зориулалттай дуусаагүй барилгын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тохиолдол ч гардаг.
Иймд Иргэний хуулийн 145.2-т заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн хэлцэл болон барьж дуусаагүй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангах агуулга бүхий нийтийн зориулалттай орон сууцны захиалгын гэрээний хэсгээр барьцаанд тавихыг хязгаарлах нь давхардуулан хөрөнгө босгохоос сэргийлэх буюу зээл олгож буй банк, санхүүгийн байгууллага болон орон сууцны захиалгын гэрээ байгуулж хөрөнгө оруулсан этгээдийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзсэн байна.
Орон сууц захиалгын гэрээгээр халхавчлан хийж буй залилах гэмт хэргийн хохирогчдын тоо олон хүнийг хамарч байна. Нэг хүний үйлдсэн залилах гэмт хэргийн хохирогчдын тоо 260 хүн бөгөөд хохирлын дүн олон арван тэрбум төгрөг болж байгаа аж. Захиалгын гэрээтэй холбоотой залилах гэмт хэргийн улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 300 гаруй хохирогчийн 15 орчим тэрбум төгрөгийн хохирол барагдуулах ажиллагаа явагдаж байна.
Иймд барилга барих зөвшөөрөл олгохтой зэрэгцэн хаяг олгох, батлагдсан ажлын зурагт үндэслэн орон сууц, авто зогсоолын тоо, үйлчилгээний талбайн төлөвлөлттэй уялдуулан захиалгын гэрээг давхардуулан хийх боломжгүйгээр улсын бүртгэлд бүртгэгдэхээс өмнөх үйл явцыг нээлттэй байх хууль, эрх зүйн орчин, мэдээллийн сан үүсгэх шаардлагатай хэмээн П.Сайнзориг гишүүн танилцууллаа.
Өөрөөр хэлбэл, ашиглалтад оруулах гэрчилгээ олгоогүй боловч барьж дуусаагүй барилгыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн эсэх, зөвшөөрөлд заагдсан нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар барьж байгаа барилга байгууламж дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангах агуулга бүхий хэлцэл, урьдчилсан тэмдэглэгээ байгаа эсэх, Иргэний хуулийн 145.2-т заасны дагуу орон сууц захиалгын гэрээ, хэлцэл тухайн барилгатай холбоотойгоор байгуулагдаж, бүртгүүлсэн эсэх талаарх мэдээллийг нээлттэй байхаар хуулийн төсөлд тусгажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна