БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Монгол Улсад айлчиллаа. Бид та бүхэндээ айлчлалын тойм мэдээллийг хүргэж байна.
Айлчлалын гол зорилго нь цаг үеийн нөхцөл байдал
Айлчлалын гол зорилгыг олон улсын хэвлэлүүдэд цаг үеийн шинжтэй буюу дэлхийн геополитикийн нөхцөл байдалтай холбоотой үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа солилцох, нэгтгэх зэрэг асуудал байсан гэж тодорхойлж байна. Гэхдээ яг ямар асуудал гэдэг нь тодорхойгүй, албан мэдэгдэлд "...харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй зөвшилцөлд хүрсэн” гэж дурдсан бол олон улсын хэвлэлийн мэдээллүүд ерөнхийдөө ижилхэн, “БНХАУ Монгол Улсыг дэмжихээ илэрхийлэв” гэсэн утга бүхий гарчигтай олон нийтэд хүрлээ.
Тодруулбал, өмнө нь харилцан тохиролцсон, одоо байгаа байр сууриа харилцан баталсан агуулгууд албан мэдээлэлд дурьдагдсан.
Тухайлбал, Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзахдаа
-Худалдааны эргэлт
-Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нэр төрлийг олшруулахад чиглэсэн бүтээн байгуулалт,
-Хил дамнасан төмөр замын холболт, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, дамжин өнгөрөх тээвэр,
-Газрын тос, ногоон эрчим хүч, хиймэл оюун ухаан, цахим худалдаа зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллах асуудлыг хөндсөн.
Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хийсэн, өөрийн эрхэлж буй салбартай холбоотой яриа хэлэлцээрийн үеэр дараах байр суурийг дангаар болон Б.Батцэцэгтэй хамт /Хамтарсан мэдэгдэл/ илэрхийлжээ.
Үүнд, тэрбээр дангаараа
-Хятадын эдийн засгийн нэг хувийн өсөлт Монголын экспортыг 4 хувиар, Монголын эдийн засгийн өсөлтийг 0.6 хувиар нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэсэн,
-Монгол Улс БНХАУ-ын баримталж буй “Нэг Хятад” зарчмыг баримталж, "Тайванийн тусгаар тогтнол"-ын аливаа хэлбэрийг эсэргүүцэж, Тайвань, Хонконг, Шинжаан, Шизан зэрэг улсуудтай холбоотой асуудлаар Хятадын байр суурийг дэмжиж байгаад талархал илэрхийлсэн,
-Олон улсын тогтворгүй орчин, улам бүр төвөгтэй болж, улс орон бүр сорилтуудтай тулгарч буй энэ үед БНХАУ, Монгол улсууд энх тайван зэрэгцэн орших, харилцан дэмжлэг үзүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагаагаар тодорхойлогддог Хятад-Монголын нийгэмлэгийг байгуулахын төлөө үргэлжлүүлэн ажиллах ёстой гэдэгтэй хоёр тал санал нэгдсэн гэж тэмдэглэсэн,
-Хоёр улс бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, мөн бие биенийхээ гол ашиг сонирхол, гол санаа зовоосон асуудал, сонгосон хөгжлийн замыг хүндэтгэх амлалтаа харилцан нотолсон,
-НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг баримтлах, Дэлхийн II дайны ялалтын үр дүнг хамгаалах, фашизм болон милитаризмын бүх хэлбэрийг эсэргүүцэх, түүхийн явцыг гажуудуулах эсвэл эргүүлэхийг эрмэлзсэн аливаа үг, үйлдлийг няцаах,
-Бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил, хамтын ажиллагааг хамтран дэмжихийн тулд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг олон талт хүрээний хүрээнд зохицуулалтыг сайжруулахаар тохиролцсон.
Эцэст нь Ван И “Монгол Улсын Гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэгтэй хийсэн хэлэлцээрээр хоёр тал харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй зөвшилцөлд хүрсэн” гэж дүгнэсэн байна (manilatimes.net).
Шинэ зорилт тавихад бэлэн гэдгээ нотоллоо
Ван И бол Монгол Улсад хамгийн олон удаа айлчилсан БНХАУ-ын төрийн өндөр албан тушаалтан гэж хэлж болно. Тэрбээр 2013 оноос урд хөршийн гадаад харилцааг хариуцаж байгаа бөгөөд энэ хугацаанд Монгол-БНХАУ-ын харилцаа хамгийн дээд түвшинд хөгжсөн юм. Сүүлийн зургаан жилд гэхэд л гурван удаа айлчилжээ.
Хоёр улс хамгийн сүүлд худалдааны эргэлтээ 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьснаас хойш идэвхийлэн ажилласаар биелүүлэхэд тун ойрхон ирээд буй. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол улс 2025 онд БНХАУ-тай 18,7 тэрбум ам.долларын худалдаа хийсэн бөгөөд энэ нь улсын нийт гадаад худалдааны 69,2 хувийг дангаараа бүрдүүлжээ. Нийт экспортын 92,6 хувийг уул уурхай, 5,3 хувийг хөдөө аж ахуй эзэлсэн байна.
Ван И энэ удаагийн айлчлалаараа хоёр улсын удирдагчдын Төрийн дээд түвшний уулзалт хэлэлцээрээр дэвшүүлсэн, хоорондын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт удахгүй биелэх тул илүү том зорилт дэвшүүлэх шаардлагатай болсон гэж онцолсон нь манай улсын хувьд ирээдүйг гэрэлтүүлсэн том мэдээ бөгөөд мөнгөн дүн нэмэгдэхээс гадна манай тал экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдүүлэх, БНХАУ-ын зүгээс манай улсын импортод эзлэн хувь хэмжээгээ нэмэх зэрэг асуудлууд яригдах нь тодорхой юм.
Хил дамнасан төмөр замуудын талаар юу хэлэв
Ван И Монголд хийсэн уулзалт хэлэлцээрүүдийнхээ үеэр Монгол Улсад чухал ач холбогдолтой, монголчууд чих тавьж анхаардаг төслүүдийн талаар товч боловч дурдсаныг энд тэмдэглэх нь зүйтэй.
Тэрбээр Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын тухайд “Бүтээн байгуулалтын ажил нь одоо хийгдэж байгаа бөгөөд хоёр улсын хоорондын холболтын бас нэгэн /Эхний, одоогоор ганц төмөр замын коридор нь Замын Үүд-Эрээн/ томоохон коридор болно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрбээр Хятад улс Монгол Улсын найдвартай түнш хэвээр байгаа бөгөөд хэрэгцээ шаардлагатай үед нь дэмжлэг үзүүлсээр байх болно гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна