УИХ-ын Төсвийн байнгын хорооноос нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаарх ерөнхий хяналтын сонсгол явуулж хоёр өдөр бужигнасныг эс тооцвол Төрийн ордон эл хуль байна. УИХ-ын Байнгын хороод ирц хүрэхгүй, хуралдаан зохион байгуулагчдыг “ирцээ бүрдүүл” гэж үүрэгдсэн маягтай, хэдэн цагаар хоцорч эхлээд хуралдсан болоод тардаг боллоо. Уг нь УИХ-ын хаврын ээлжит чуулган завсарлахад хэдхэн хоног дутуу байна. Тэр хэрээр хэлэлцэн батлах хуулиуд ар араасаа хүлээгдэж буй ч дөнгөн данган ирцийн босго хүргээд, хэдхэн хүн сууж байгаад хууль баталдаг жишиг тогтоод удлаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 126 гишүүнтэй болсноор хууль, тогтоолын төслийг батлах босго өндөрсөж, 20 гишүүн сууж байгаад хууль батлахгүй боллоо хэмээн дуу нэгтэйгээр ярьж, хөөрцөглөж байсан ч ачир дээрээ нэмэгдэхүүний байр солигдсон ч нийлбэрийнх өөрчлөгдсөнгүй гэгч болж байна.
Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа тэн хагастаа орлоо. Ард түмэн өмнө явуулж байсан бодлогынхоо залгамж халааг үргэлжлүүлээрэй хэмээн МАН-д дахин итгэл хүлээлгэж, анх удаа 126 гишүүнтэй бүрдсэн парламентад олонх болгосон. Энэ бол МАН 2016 оноос хойш гурав дахь сонгуульд үнэмлэхүй олонх болж, тэр хэрээр үүрэг хариуцлага, ачаа нэмэгдсэн ч чуулган, Байнгын хороодын ирц хангалтгүй байна. Энэ ганц удаагийн зүйл биш, байсхийгээд хуралдаан зохион байгуулах албаныхан гишүүдийг “хайх” аянд морддог.
Энэ удаа яагаад ирц бүрдэхгүй байна вэ гэхээр, Ардын намынхан ард түмнээ сонсох аян зохион байгуулж, орон даяар тойрч, гишүүд энэ ажлын хэсэгт багтаж, тойрогтоо ажиллаж яваа аж. Судалгаагаар МАН-ын рейтинг АН-аас доогуур гарсан нь эрх баригчдыг аян зохион байгуулахад хүргэсэн гэхэд хилсдэхгүй. Нэмээд хэд, хэдэн аймагт Орон нутгийн дахин болон нөхөн сонгууль болж байгаа нь гишүүдийг ажлаа таслахад хүргэжээ. УИХ-ын гишүүн Х.Булгануяа “Гишүүд өглөө эрт ирж ирцэндээ орчихоод орон нутаг руу явцгааж байна. Мөн баруун аймагт тахилгатай учраас баруун аймгийн ихэнх гишүүд алга байх шиг байна” гэв. Гишүүд дуртай үедээ ажлаа тасалж, чөлөө авч тойрог руугаа “гүйж” байна. Албан тушаал, сандал суудал хэлэлцэхээр бүрэн бүтэн ирцтэй хуралдаж, өөрсдөд нь ашиггүй зүйлд хүнийрхүү сэтгэлээр хандаж байна, хууль тогтоогчид.
Ардын намын аяны тухайд өнгөрсөн 10 жил засаглахдаа Монгол Ардын нам улс орноо өр, зээлээс чөлөөлж, “Саарал жагсаалт”-аас гаргаж, зээлжих зэрэглэлийг B2 буюу тогтвортой эдийн засагтай болгож, олон улсын итгэлийг сэргээгээд байна хэмээн очсон аймаг, сум бүртээ сонгогчдод хэлж яваа мэдээ гарчээ. Нэмээд Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын санаачилсан “Чөлөөлье” бодлогын хэрэгжилт, үр дүн, тэтгэврийн шинэчлэлийн талаар ярьж яваа юм. Ачир дээрээ хоёрхон жилийн дотор тэдний албан тушаалын зодоон, сандал суудлын хэрүүлээс болж төр тогтворгүй, нэг намын мөрийн хөтөлбөр хэрэгжиж буй хэр нь бодлого, залгамж чанар алдагсаны хар гайгаар нэг оронтой тоонд байсан инфляц өнөөдөр 12.3 хувьд хүрч, өдрөөс өдөрт өргөн хэрэглээний барааны үнэ өсч, иргэд урд хормойгоороо хойдхоо нөхсөн байдалтай аж төрж байна. Ийм байхад сайхан амлалт, яриа хөөрөө ярьж орон нутгаар хэсүүчилж, ирэх сонгуулийн санал авах башир арга хэрэглэж суухын оронд гишүүд хуралдаа цагтаа ирж, иргэн Дорж, Дулмаагийн амьдралд тустай хууль, тогтоол хэлэлцэж, асуудалд бодитой, ажил хэрэгчээр хандвал хаана хаанаа тустай, дэмтэй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна