С.Магнайсүрэн: Туулын хурдны зам төсөлд аудит хийж, гарсан зөрчлүүдийг хуулийн байгууллагад өгсөн

Г.Анар-Эрдэнэ
50 минутын өмнө

Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэнгээс Нийслэлээс хэрэгжүүлж буй Туулын хурдны зам төсөлд оруулсан шалгалтын талаар тодрууллаа. ЦЕГ Туулын хурдны зам төсөлд сэжигтэй нөхцөл байдал илэрсэн талаар мэдээлэл хийсний дараа тухайн үед Нийслэлийн Засаг дарга байсан Х.Нямбаатар төсөлд Аудитын байгууллагаас шалгалт орж, ямар ч асуудал гараагүй хэмээн мэдэгдэж байсан юм. 

-Төслүүдэд хийсэн аудитын шалгалтаар ноцтой зөрчил илэрсэн үү. Төсөл дээрээ юу нь ч тодорхойгүй, зураг төсөлгүй гэсэн шүүмжлэл мэдээллүүд яваад байгаа шүү дээ?

-Өнгөрсөн жил Улсын их хурлын төсвийн байнгын хорооноос Туулын хурдны зам, Мега төслийн төлөвлөлт үр ашгийн талаар сэдэв батлаж өгсөн. Энэ сэдвийн дагуу аудит хийсэн. Зургаадугаар сарын 30-ны өдөр Улсын их хурлын Төсвийн байнгын хороонд аудитынхаа тайланг өгнө. Иргэд олон нийтэд нээлттэйгээр цахим хуудсанд тавина. Одоогийн байдлаар бид 12 зөвлөмж, хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, хууль хяналтын байгууллагуудтай хамтарч ажиллах дөрвөн асуудлуудыг гаргасан байгаа. Баталгаажих шатандаа явж байгаа учраас өнөөдрийн байдлаар дүгнэж хэлэхэд бэрхшээлтэй байна. Хууль хяналтын хамтарсан ажлын хэсэг болоод Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажлын хэсэгт холбогдох мэдээллээ өгөөд, хамтран ажиллаад явж байгаа.

-Урьдчилсан байдлаар хэлж болох боломж байна уу?

-Аудитын стандартаар албажих ёстой энэ удаад тэр талаар хэлэх боломжгүй байна. Сонсгол дээр тоон мэдээллийг урьдчилж өгсөн байгаа.

-Аудитын байгууллага Нийслэлийн төсөвт явцын шалгалт хийдэг үү. Яагаад төсвөөс хэтэрсэн зардал гараад байна вэ?

-2025 оны аудит дууссаны дараа энэ оны зургаадугаар сарын 10-ны өдөр бид УИХ-д санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлээ өгчихсөн. Яг энэ хүрээнд Нийслэлийн төслийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг Нийслэлийн аудитын газраас хийгээд дууссан. 2025 онд 401 тэрбум төгрөг гарсан. Тэгэхээр 2025 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан одоо л дөнгөж яригдаж энэ тав дахь өдөр Монгол улсын их хурлаар хэлэлцэгдэхээр орсон байна. 99 тэрбум нь 2026 онд өгсөн учраас хуулиараа энэ жилд биш дараагийн жилд үзэгдээд явдаг.

-Төсвийн хөрөнгө буруу зүйлд зарцуулагдахаас урьдчилан сэргийлэх ямар ажлыг танай байгууллага хийдэг юм бэ?

-Бид зөрчлийн шинж байдлаас хамаараад зөвлөмж, зөрчлийг таслан зогсоох албан шаардлага, төлбөрийн акт, төлүүлэх, хариуцлага тооцуулах шийдвэр гэсэн ажлуудыг хийдэг. Зөрчил хүнд, гэмт хэргийн чанартай гэж үзэх юм бол улсын прокурорт хандаж эрүү үүсгэн шалгуулдаг. Энэ хүрээнд бүх зүйлүүд хийгдээд явж байгаа. Хариуцлага тооцуулах гээд өгчихсөн байгаа асуудлууд байгаа.

-Хичнээн хэрэг байгаа вэ. Ямар асуудлууд гарсан бэ?

-Бүгдийг нь ярина гэвэл цаг орно. Асуудал их байгаа.

-Туулын хурдны зам дээр хэдэн төгрөгийн аудитын зөрчил илэрсэн бэ?

-Урьдчилж хэлэхэд хэцүү байна. Ер нь бол гүйцэтгэгч компани руу 401 болон 99 тэрбум буюу нийт 500 тэрбум төгрөг хоёр гүйлгээгээр гүйцэтгэгч компани руу  гарсан байна. 7.2 тэрбум төгрөг бусад зардалд хийгдсэн байна. Газар чөлөөлөлтөнд 2.4 тэрбум төгрөг гарсан харагдаж байгаа. Энэ бол ерөнхий мэдээлэл, хянагдаад явж байгаа гэдгийг Сонсголд хэллээ.

Байгаль орчний үнэлгээтэй холбоотой асуудал, усны дүгнэлттэй холбоотой асуудал, төсвийн магадалсан гэх зэрэг асуудлуудад манайх бүх зүйлээ гаргаад тавьчихсан байгаа учраас энэ тал дээр холбогдох хууль, шийдлүүдээ гаргаад явж байна.

-Нийслэл дээр маргаан дагуулаад байгаа Сэлбэ төсөл дээр танайхаас аудит орсон уу? Зүгээр байсан зам шинээр солино гэх шүүмжлэл яваад байгаа. Зам засварын ажил дээр аудитын шалгалт орсон уу?

-Өнгөрсөн жил авто замын бродюр солих асуудалтай холбогдуулан нийслэлийн аудитын газар тусгайлан шалгасан. Үүн дээр жилд 20-30-аад тэрбум төгрөгийн асуудал явдаг. Тэр нь замынхаа төсөвт ороод явчихдаг. Зам нь солигдоход бродюр нь дагаад солигддог гэсэн дүн мэдээ гарсан. Аудитынхаа дүнг бид байнгын хороонд ирүүлчихсэн байгаа.

Сэлбэ дэд төвтэй холбоотой асуудал сонсгол дээр нарийвчлагдаэ яригдах учир мэдээлэл авах боломжтой" гэлээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна