Оюутолгойн гэрээг цуцлахыг шаардсан иргэд зэсийн баяжмалын экспортын замыг хаасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс байр суурийг нь сонслоо.
- Оюутолгойн гэрээг цуцлахыг тэмцэгчид шаардаж байна. Тус гэрээг цуцалбал ойролцоогоор 1 хоногт 4,3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ гэсэн мэдээлэл байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
Оюутолгойн гэрээг цуцлахыг тэмцэж байгаа хүмүүс "бид тэмцэл хийж байгаа учраас мөнгө хандивлана уу" гэсэн байсан. Ард түмний мөнгө аваад, ард түмний олох орлогыг нь бууруулах тэмцэл гэж юу байсан юм бэ. "Шантааж хийж байгаа хүмүүстэй тэмцэх хэрэгтэй, тэр хүмүүст хууль байгаа гэдгийг сануулах хэрэгтэй. Мөн "Халзан бүрэгтэй" төсөл байна. Хэлэлцүүлгээр "Халзан бүрэгтэй" төсөл ямар ч асуудалгүй гэсэн шийдвэр гарсан. Гэсэн ч одоо зогссон байна. Үе үеийн их хурлын дарга нар ажил зогсоож байгааг ойлгохгүй байна. Тухайн үеийн Засаг дарга дэмжиж бичиг өгсөн ч өөрөө сонсголд оролцоод эсэргүүцээд сууж байна. Зогсоох байсан бол яах гэж хяналтын сонсгол хийж байгаа юм. Засгийн газрын хэн нэгэн албан тушаалтан ажлыг зогсоо гэвэл зогсоодог юм уу. Ингэх юм бол хууль, засаглал байгаад яах юм. Би үүний эсрэг байна.
- Томоохон төслүүдээ зогсоохоор улс орны эдийн засагт маш их эрсдэл дагуулах байх. Үүний талаар та юу гэж бодож байна вэ?
Төсөл том жижигтээ биш. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль яагаад байгаа юм. Тэр хуулиар гарсан үнэлгээний дүгнэлтийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ. Тус үнэлгээний дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол үнэлгээ хийдэг компани байх хэрэггүй.
- Эдийн засгийн эх үүсвэр болсон уул уурхайн төслийг эсэргүүцэж байгаа нь шударга уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй болсон. Ямар нэг асуудалд төлбөртэй жагсагчид гарч ирж байна. Үүнийг та юу гэж харж байна вэ?
Төлбөртэй жагсагч гэдэг мэргэжил болчхоод байна. Төр өөрөө шантааж хийдэг хүмүүсийн "толгойг илэх" хэлбэр бий болгож байна. Төрөөс төрж байгаа тэрбумтнууд шантааж хийж мөнгө олдог болдог боллоо.
- Халзан бүрэгтэй төсөл Ховд аймагт хэрэгжиж байгаа төсөл шүү дээ. Түүнтэй холбоотой шийдвэрийг иргэд олон нийтэд таалагдах гэж гаргаж байна гэж хардаж байна.
Улс төрчид олон нийтэд таалагдах гэж инфляц, тэтгэвэр, цалин хангамжийн талаар ярьдаг. Попорч эдгээр асуудлын талаар ярих нь тэд нарт чухал. Түүнээс биш явагдаж байгаа төслийг зогсоох нь олон нийтэд таалагдах шийдвэр огт биш. Жишээлбэл, Хөвсгөл аймагт "Могойн голын уурхай" гэж байдаг. Хотод амьдардаг хүмүүс тэнд очиж шантааж хийдэг. "Хөвсгөл ТББ" байгууллага байгуулаад цахим орчинд гүтгэдэг. Тэр хүмүүст хууль хамаагүй, олон нийтэд яаж харагдах нь чухал. Тэтгэвэр, цалин нэмэх, улс орны эдийн засаг яаж хөгжих нь чухал биш. Шантааж хийдэг, тэмцэл хийгээд байгаа хүмүүс яаж iPhone 17 аваад, хаусанд амьдраад, Land 300 унаад байгаа юм бэ. Шантааж хийдэг хүмүүст хариуцлага тооцох ёстой. Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ сайдын засгийн газрын хийж байсан бүх мега төслийг зогсоолоо. Дараа дараагийн зүйлээ бодож байж зогсоох хэрэгтэй. Хэн нэгэн хүн гарч ирээд зогсоо гээд зогсоож болохгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна